Өнгөрсөн амралтын өдрүүдээр БНХАУ-ын нийслэл хотноо Бээжингийн Олон Улсын Кино Наадам эхэллээ. Наадмын нээлтийн улаан хивсний ёслолд Холливудын жүжигчин Натали Портман, Кристоф Вальтц, италийн найруулагч Жузеппе Торнаторе, "Ахмад Америк - Иргэний Дайн" киноны найруулагчид болох Жо Руссо, Энтони Руссо нар болон мөн Чоу Юн Фат, Аарон Квок зэрэг хятадын кино одууд хүрэлцэн ирж оролцсон байна. 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү наадмын дээд шагнал болох Тиантан шагналд Испани, Канад, ОХУ, Польш, Дани болон Хятад зэрэг орны 15 бүтээл өрсөлдөж байгаа юм байна. Наадмын шүүгчдийн багийг Америкийн найруулагч, продюссер Бретт Ратнер тэргүүлж байгаа бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Германы найруулагч Флориан Хенкель фон Доннерсмарк, Боснийн найруулагч Данис Танович, Румыний найруулагч Корнелю Порумбоу, Японы найруулагч Ёожиро Такита, Хонконгийн найруулагч Тедди Чен болон Хятадын жүжигчин Шу Кин нар багтжээ. 6 дахь удаагийн Бээжингийн Олон Улсын Кино Фестиваль энэ сарын 23-ны өдрийг дуустал үргэлжлэн явагдана.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/