Энэтхэгийн нийслэл Нью Дели хотын агаарын бохирдлыг бууруулах үүднээс зохион байгуулж эхэлсэн автомашины дугаарын хязгаарлалтын журмын хоёр дахь үе шатыг баасан гаригаас эхлүүлээд байна. Хоёр долоо хоногийн турш үргэлжлэх уг арга хэмжээний үеэр автомашинууд тэгш, сондгойгоороо хуваагдан өөр өөр өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох юм байна. Уг журмыг зөрчсөн тохиолдолд 30 ам.долларын торгуулийг ногдуулахаар болжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард явагдсан эхний дугаарын хязгаарлалтын үеэр 9000 гаруй жолооч торгуулсан байна. Мөн эхний дугаарын хязгаарлалтын үеэр хотын агаарын бохирдлын хэмжээ буурсан зүйл ажиглагдаагүй ч замын хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурсан нь хотын оршин суугчдын талархлыг хүлээсэн байна. Нью Дели хотын эргэн тойронд байрлах дулааны цахилгаан станцууд, тэдгээрээс гарах утаа, олон тоогоор баригдаж байгаа барилгын тоос шороо болон хогоо ил задгай шатаадаг зэргээс үүдэн хотын агаарын бохирдлын хэмжээ буурахгүй байгаа талаар Greenpeace India ТББ-ын зүгээс мэдэгдсэн байна. Энэтхэг улсын хэмжээнд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр жилд 600,000 гаруй хүн нас бардаг байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (1)