Ромын Пап Францис өнгөрсөн амралтын өдрүүдээр Ойрхи Дорнодын цагаач дүрвэгсдийн Европ руу нэвтрэх гол гарцуудын нэг болох Грекийн Лесбос боомт хотод айлчиллаа. Тэрээр олон мянган цагаач, дүрвэгч иргэнийг хүлээн авч, дэлхийн хүнд хэцүү цаг үед тусламжийн гараа сунган, хүмүүнлэг хандаж байгаад Лесбос хотын оршин суугчид болон Грекийн нийт ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулах нь Европт хүндрэлтэй байгааг ойлгож байгаа хэдий ч дүрвэгчид ч гэсэн бусадтай адил ижил тэгш эрхтэй хүн гэдгийг дэлхий ертөнц тунгаан бодох хэрэгтэйг сануулсан байна. Ромын Пап болон дэлхийн бусад улс орнуудын Үнэн Алдартны Шашны тэргүүн нар Лесбос боомтод орогнож байгаа цагаач нар болон мөн Европ руу дүрвэх замдаа Эгийн тэнгист амь үрэгдсэн нийт цагаач, дүрвэгч иргэдэд зориулж мөргөл үйлдэн, залбирсан байна. Мөн амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн, нэг хором дуугүй зогссон байна. Ромын Пап Францис Грекээс нутаг буцахдаа тус арал дээр орогнож байсан Сирийн 12 дүрвэгч иргэнийг хувийн онгоцоороо Итали руу авч явсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/