Латин Америкийн Колумб улсад микроцефали буюу толгой жижигрэх өвчтэй 2 хүүхэд төрсөн талаар тус улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Энэ жил тус улсад микроцефали өвчний шинж тэмдэг бүхий 33 тохиолдол бүртгэгдэн шалгагдаж байгаагаас ийнхүү 2 тохиолдол нь батлагдсан байна. Эдгээрийн нэг нь Колумб-Венесуэлийн хилийн ойролцоох Норте де Сантандер хотод, нөгөө нь нийслэл Богота хотын ойролцоох сууринд илэрсэн байна. Бусад 15 тохиолдлыг шинжлэн судалсаар байгаа бол үлдсэн 16 нь Зика вирусын халдвартай огт холбоогүй болох нь тогтоогджээ. Үүнтэй зэрэгцээд Мексикийн эрх баригчид тус улсад Зика вирусын 222 тохиолдол батлагдаад байгааг пүрэв гаригт зарлан мэдэгдлээ. Тэдгээрийн 53 нь жирэмсэн эхчүүдэд илэрсэн бөгөөд 46 жирэмсэн эмэгтэйг хяналтанд аваад байгаа талаар мэдээлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/