Өчигдөр буюу Лхагва гаригт Сирийн парламентын сонгууль зохион байгуулагдсан юм. Сирийн засгийн газрын хяналтанд байгаа муж хотуудад зохион байгуулагдсан сонгуульд Ерөнхийлөгч Башар аль-Ассад гэргий Асмагийн хамт оролцлоо. Тэрээр Дамаск дахь санал хураалтын байранд очиж, сонголтоо хийсэн бөгөөд Башар аль-Ассад энэ удаагийн сонгуулийг терроризмыг ялан дийлэх сонголт хэмээн тодорхойлоод байна. Ард иргэдийн идэвхийг нэмэгдүүлэхийн тулд Башар аль-Ассад хэд хэдэн дүүргээр явж, олон нийттэй уулзсан байна. Парламентын 250 суудлын төлөө 3000 орчим хүн өрсөлдөж байгаа бөгөөд санал хураалт эхлэхтэй зэрэгцээд Швейцарийн Женев хотноо завсарлага аваад байсан Сирийн энхийн яриа хэлэлцээ дахин эхлээд байна. Энэ удаагийн сонгуулийг Барууны улс орнууд луйвар хэмээн тодорхойлж, үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж эхлээд байгаа юм. Женевт эхэлсэн энхийн хэлэлцээрийг үл тоомсорлож, ийнхүү сонгууль эхлүүлсэнд өрнийхөн тун дургүй байна. Дайны хөлд үрэгдсэн Сири улсад хэдэн мянган хүн энэ удаагийн сонгуульд оролцох боломжгүй аж төрж байгаа юм. Тийм учраас сонгуульд ихэнхи иргэдийн санаа бодол тусгагдаж чадахгүй байгаа гэдгийг өрнийхөн сануулсаар байна. Харин ОХУ-ын эрх баригчид энэ удаагийн сонгуулийг тун таатайгаар хүлээн авч, амжилт хүсээд байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/
Сэтгэгдэл (4)