Сирийн Засгийн газрын хяналтад байгаа бүс нутгуудад өнөөдөр парламентын сонгууль болох гэж байна. Энэ сонгуулийг Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын намд л ашигтай үйл явдал гэж зарим улс орон, мөн Сирийн сөрөг хүчний босогчид шүүмжилж байгаа юм.
"Ассошиэйтед Пресс" агентлагийн мэдээлснээр энэ удаагийн сонгуульд оролцож байгаа 12 мянган нэр дэвшигч бүгд Башар Асадын талыг баримтлагчид юм байна.
Үүнээс гадна Сирийн босогчид болон "Исламын улс" бүлэглэлийн хяналтад байгаа бүс нутгуудад сонгуулийн санал хураалт болохгүй юм. Сирийн нийслэл Дамаск хотын иргэд сонгууль зохион байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Тэд өөрсдийгөө төлөөлөх улстөрчдийг Сирийн иргэд гадаад улс орнуудын оролцоогүйгээр бие даан сонгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар муж бүрт ногдох мандатын тоог зарласан байна. Сирийн парламентын бүх нийтийн сонгууль 2012 оны тавдугаар сараас хойш анх удаагаа болох гэж буй нь энэ юм. Тухайн үед эрх баригч нам болон улс төрийн бусад хүчнүүд оролцохоор баталсан ч, 250 суудалтай парламентын ихэнх суудлыг эрх баригч хүчнийхэн авсан байдаг.