Манай улсын эрдэмтэд саяхан Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутгаас манай эриний өмнөх 500-аад онд хамаарах эртний Түрэгийн булш олсон бөгөөд түүн дотор байсан эд зүйлс огт муудаж, эвдрээгүй байсан нь шуугиан дэгдээгээд байгаа юм. Энэ талаар гадны хэвлэлүүд онцолж байна. Их Британийн www.express.co.uk цахим хуудаст уг булшийг Адидасын гуталтай Түрэг хүний мумми олдлоо гэж онцолсон байна. Мөн тэд цаг хугацаагаар аялагчийн шарил ч байж магадгүй хэмээн цуурч байгаа аж.
Монгол улсын газар нутгаас орчин үеийн хийц загварын гуталтай эртний мумми илэрлээ. Археологичид Алтайн уулсын 3000 орчим метрийн өндөрт судалгаа хийж байгаад 1500 гаруй жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйн булшийг олсон байна. Хэдийгээр эмэгтэйн өрөөсөн гар, хоёр хөлийг л олсон ч гэлээ хүмүүсийг цочролд оруулам олдвор булшнаас гарч иржээ.
Шарилд өмсүүлсэн гутал нь Германы спорт хувцасны алдартай бренд Адидасын таних тэмдэг болсон зураасан загвартай гутал байсныг онлайнаар нэг шуугиж байна. Нэгэн онлайн хэрэглэгч "Эрт цагт Адидас өмсдөг байсныг нь мэдсэнгүй" гэсэн бол өөр нэгэн хүн "Адидасын гутал өмссөн мумминий зураг харж байсан уу?" гэх мэтчилэнгээр бичиж байна. Ямартай ч мэргэжилтнүүд энэхүү олдворыг хараад эртний монголчуудын амьдралын хэв маяг яах аргагүй давтагдашгүй байжээ гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлжээ.
Ховд аймгийн музейн судлаач Б.Сүхбаатар Сибириан Таймс сонинд өгсөн мэдээлэлдээ "Энэ хүн язгууртан гаралгүй эгэл ард байсан. Булшинд нь нум байгаагүйгээс харахад эмэгтэй хүн гэдэг нь маргаангүй. Одоогоор бид булшийг бүрэн задлахаар ажиллаж байна. Задалж дууссан хойно шарилын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болно" гэж ярьжээ.
Энэхүү ер бусын булшин дотор эмээл, хазаар, тах, модон тагш, төмөр данх байснаас гадна унаж явсан морьтой нь хамт оршуулжээ. Түрэгийн үед хамаарах энэхүү булш нь Төв Ази төдийгүй дэлхийд хосгүй олдвор юм. Өндөрлөг газар, сэрүүн уур амьсгалын нөлөөгөөр маш сайн хадгалагдаж үлдсэн учир тухайн үеийн хүмүүсийн өмсгөл зүүлт, эдлэл хэрэглэлийн талаар илүү бодитой төсөөлөлтэй болох боломжийг энэ булш олгож байгааг эрдэмтэд цохон тэмдэглэсэн байгаа юм гэх мэтчилэнгээр гадны цахим хуудаснууд манай улсаас олдсон нэн ховор олдворын талаар бичсэн байна.