Хонгконгод улс төрийн шинэ хүчин бий болж байгаа талаархи мэдээлэл дэлхийн хэвлэлүүдийн анхаарлын төвд байна. Голцуу оюутан залуусын нэгдсэн шинэ нам сонгуульд өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ мэдэгдээд байна. Тус намын тэргүүнээр "Өсвөрийн тэмцэгч" гэх нэрийг аваад байгаа Жошуа Вонг тодорсон байна. Ардчилсан үзэлтэй оюутан залуус нэгдэж 2014 онд олон нийтийг доргиосон томоохон жагсаал цуглаан зохион байгуулж, Бээжингийн бодлогыг эсэргүүцэж байгаагаа хурц шийдэмгийгээр илэрхийлж байсан юм. Тэгвэл эдгээр залуус өнгөрсөн Ням гаригт буюу өчигдөр нам байгуулж байгаагаа албан ёсоор мэдэгдэж, Жошуа Вонг илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэл хийнэ гэдгээ зарлалаа. Радикал үзэлтэй залуус Хятадын эрх баригчдын хувьд толгойны өвчин болж магадгүй байгаа юм. 1996 онд мэндэлсэн Жошуа Вонг хоёр жилийн өмнө 17 настай байхдаа л тэмцэгчийн дүрээр олон нийтэд танигдсан юм. Сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөд хэтэрхий залуу байгаа хэдий ч тэрээр өөрсдийнх нь санаа бодлыг төлөөлөх нэгнийг сонгуульд өрсөлдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)