Хүн төрөлхтөн ердөө нэг жилд хэдэн сая тонноор хэмжигдэх нэг удаагийн халбага буюу хуванцар халбага хэрэглэдэг байна.
Нэг удаа хэрэглээд л хог болдог хуванцар аяга, халбага байгальд шингэлгүй нэг зууныг өнгөрөөж, орчин тойрныг бохирдуулж байдаг юм.
Тэгвэл энэ асуудлыг шийдэх гарцыг Пийсапати хэмээх судлаач тун энгийн бөгөөд сонирхолтой байдлаар олжээ.
Тэрээр идэж болдог нэг удаагийн халбага бүтээсэн бөгөөд одоогоор 1,5 сая ширхэг “иддэг халбага”-ыг борлуулаад байгаа ажээ. Төрөл бүрийн ургамлын үрээс гарган авсан тусгай гурилаар халбагыг бүтээж, хүмүүсийн хэрэглээнд нэвтрүүлсэн байна.
“Иддэг халбага”-аар 20 минутын турш халуун хоол, шөл халбагадах боломжтой бөгөөд хэрэглэж эхэлснээс хойш 20 минутын дараа халбага бага зэрэг зөөлөрч, үйрч эхэлдэг аж. Гэхдээ 20 минутын хугацаанд хэрэглэгч аль хэдийн хоол зуушаа идсэн байх учир энэ хугацаа хангалттай хүрэлцэх ажээ.
Хоол зуушаа идэж дуусаад халбагаа хаялгүй харин шууд идчихэж болно. Яг л жигнэмэг мэт амтагдах халбага хуванцар халбаганаас бага зэрэг үнэтэй ч байгальд хор нөлөөгүй учир хэрэглэгчид баяртайгаар сонгох болжээ.
Зарим иргэд хоолны дараах амттан авч байгаатай адил учраас ерөөсөө ч үнэтэй санагддаггүй хэмээжээ.
UBS.mn