Орон нутгийн цагаар ням гаригийн үүрээр Энэтхэгийн өмнөд хэсгийн Коллам хотын сүмд гал гарч,
үүний улмаас 100 хүн амь үрэгдэн, 400 гаруй хүн түлэгдэн, бэртэж гэмтээд байгаа талаар тус улсын эрх баригчдын зүгээс мэдэгдээд байна.
Путтингал сүмд гарсан гал бидний хэлж заншсан "салют"-аас үүдэн ассан байна.
Тус сүмийн барилгад хадгалагдаж байсан их хэмжээний салют-д гал авалцсаны улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт явагдаж, үүний дараагаар гал түргэн хугацаанд сүмийн барилгыг бүхэлд нь хамран ассан талаар тус улсын Дотоод хэргийн сайд Рамеш Ченнитала мэдэгджээ.
Өглөөний байдлаар гал сөнөөгчид галыг хяналтандаа авсан бөгөөд үүний дараагаар аврагчид амьд үлдсэн хүмүүсийг хайж эхэлсэн байна.
Жил бүр Энэтхэгийн хинди шашны охин тэнгэр, Кали бурхны дахин мэндэлсэн хувилбар болох Бхадракали бурханд хүндэтгэл үзүүлэх 7 хоногийн турш үргэлжилдэг шашны баярын үеэр уг сүм томоохон хэмжээний галт наадмыг зохион байгуулдаг бөгөөд үүндээ их хэмжээний салютыг ашигладаг байжээ.
Энэ жилийн хувьд мужийн дээд шүүхээс баярын үеэр салют ашиглахыг хориглосон байсан боловч уламжлалаа хадгалах үүднээс тус сүм зөвшөөрөлгүйгээр их хэмжээний салютыг бэлтгэсэн байсан ажээ.
Энэтхэгийн Хөдөлмөрийн Сайд Шибу Бэби Жон хэлэхдээ сүм шатсан хэргийг мөрдлөг явуулан шалгахаар болсон гээд хохирогчдод болон амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно гэсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/