Марко Кастро Косио гэх зохион бүтээгч хөдөлгөөнт цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах санаачлагыг гарган, хэрэгжүүлж эхлээд байна. Ингэхдээ том оврын нийтийн тээврийн хэрэгслүүдийг ашиглаж байгаа бөгөөд автобуснуудын дээвэр дээр мөлхөө ногоон ургамлуудыг тарьсан байна.
Зохион бүтээгчийн тооцоолсноор орой дээрээ ногоон ургамал ачсан автобуснууд өдөржин хотоор хэрэн хэсч, ингэхдээ хүчилтөрөгчийг бэлэглэн хорт хийг саармагжуулах аж. Мөн утаа униар тоос тортгийг ч тодорхой хэмжээнд үгүй хийдэг байна. Ойролцоогоор 4500 автобус орой дээрээ ийнхүү мөлхөө ногоон ургамал суурилуулснаар хотын агаарын бохирдол 20 гаруй хувиар буурах боломжтой аж.
Барилга байшингийн тоо олширч, эсрэгээрээ ногоон байгууламжид оногдох зай талбай хорогдож байгаа энэ цаг үед мод ургамал тариалах хамгийн тохиромжтой аргыг Марко Кастро Косио ийнхүү олжээ. Мэдээж урт, эсвэл хэт өндөр ургадаг ургамлыг тээврийн хэрэгсэл дээр ачих нь зохимжгүй, мөн аюултай учраас мөлхөө мөн ногоон ургамлыг сонгох болжээ.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/