Герман Улсад оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай, ой зургаан сартай О.Сувд охинд туслах “Зүрхний бяцхан Сувд” нэртэй хандивын тоглолт энэ сарын 25-ны 19.00 цагт "UB палас"-ын их танхимд болох гэж байна. Охины эмчилгээний зардалд нийт 25 сая төгрөг шаардлагатай. Түүний ээж М.Наранмандах охиныхоо эмчилгээний зардлыг олох зорилгоор шүрээр машинд тавих утасны дугаар урлаж хоёр сар гаруйн хугацаанд нийт 2 орчим сая төгрөг олсон байна. Мөн нинжин сэтгэлтэй олны дэмжлэгээр 4 сая орчим төгрөг цуглаж нийт зургаан сая төгрөгтэй болжээ.
Харин эмчилгээнд шаардлагатай үлдэгдэл 19 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд О.Сувд охины гэр бүлийнхэн "Латиф" сантай хамтран хандивын тоглолтыг зохион байгуулах гэж буй нь энэ.
О.Сувд охин 2014 оны аравдугаар сарын 23-нд төрсөн бөгөөд Монголын эрүүл мэндийн байгууллагууд түүнийг тархины саажилттай хэмээн оношилжээ. Гэхдээ тархины саажилт нь эхийнхээ хэвлийд тээгдэх явцад эсвэл төрөх болон төрсний дараах үеийн алинд нь хүрсэн нь тодорхойгүй байгаа гэнэ. Тиймээс оношилгоог зөв тогтоолгохын тулд Герман улсыг зорих шаардлагатай хэмээн О.Сувд охины ээж М.Наранмандах хэлж байна. Хэрвээ оношилгоог зөв тогтоолгож түүндээ тохирсон эмчилгээг хийлгэвэл охин эдгэрэх боломжтой юм. Ийм төрлийн өвчтэй хүүхдийг бага насанд нь буюу хоёр нас хүрэхээс нь өмнө эмчлүүлбэл бүрэн эдгэрэхгүй ч биеэ даах чадвартай болдог байна. Тиймээс ирэх зуны гурван сарыг алдалгүй оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа О.Сувд охинд туслахыг уншигчдадаа уриалъя.
Тоглолтод МУГЖ Ж.Бархас /Өргөө хамтлаг/, МУГЖ Ж.Уранчимэг, МУСТА Л.Байзада, МУСТА П.Хатанбаатар, МУСТА П.Бямбахүү, МУСТА Т.Эрдэнэбаяр /Дэндэв/, МУСТА Т.Амина /МУСТА/ Э.Бумхүү, дуучин Б.Тунгалаг, Дуучин С.Ихбаяр /My voice/, Одко /My voice/, “Гурван бүдүүн” “Sync” хамтлаг болон “Латиф” сангийн уран бүтээлчид оролцох юм. ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР 15.000 ТӨГРӨГ.
Сайхан сэтгэлт монголчууд та бүхэн О.Сувд охиныг дэмжин хүрэлцэн ирж тус тоглолтыг үзэхийг уриалж байна.
Мөн машиндаа тавих утасны дугаарыг захиалж болох юм. О.Сувд охины ээж PEACE MALL худалдааны төвийн 2 давхарт 207 дугаар лангуунд дугаар нэхүүлэх захиалга авч мөн бэлэн болсон захиалгуудаа эздэд нь түгээж байна. Та бүхэн Өдөр бүр 14.00-19.00 цагийн хооронд хүрэлцэн очиж "ЗҮРХНИЙ БЯЦХАН СУВД" хандивын тоглолтын тасалбар болон дугаарын захиалгаа өгөөрэй.