Дэлхий дахинд дуулиан шуугиан тариад байгаа баримт бичгүүдтэй холбоотойгоор "Моссак Фонсека" хуулийн фирмийн удирдлагууд нилээд ойлгомжгүй тайлбарыг хийгээд байгаа бөгөөд өөрсдийгөө цахим халдлагын золиос болсон хэмээн тодорхойлсны дээр оффшор данстай холбоотой баримт мэдээллийг ор үндэсгүй хэмээн мэдэгдэж байгаа юм.
Панамын хуулийн фирмээс алдагдсан баримт бичгүүд үндсэндээ татвараас зайлсхийсэн, бохир мөнгө угаасан мөн авилгал хээл хахуулийн хэрэгт холбогдсон улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн нэрийг ил болгож, тодорхой нотолгоотойгоор олон нийтэд зарлаад байгаа юм. "Моссак Фонсека" хуулийн фирмийг үүсгэн байгуулагч Рамон Фонсека Мора компанийхаа хилийн чанад дахь мэдээллийн серверт хэн нэгэн нэвтэрсэн гэдгийг бататган мэдээллээд байна. Ингэснээр хакерууд 11,5 сая баримт бичиг, гэрээ хэлэлцээрийг гартаа оруулсан юм байна. Тус хуулийн фирмийн хувь эзэмшигчид энэ хэргийн цаана хэн байж болохыг таамаглаж байгаа гэдгээ ч нуугаагүй юм. Мөн хэн нэгэн татвараас зайлсхийхийг хүссэн хүнд үйлчилгээ зөвлөгөө өгч байгаагүй хэмээсэн байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/