Панамын "Моссак Фонсека" хуулийн фирмээс алдагдсан баримт бичигт олон арван хүнтэй холбоотой оффшор дансны мэдээлэл агуулагдаж байсан юм. Тэгвэл Панамад үйл ажиллагаагаа явуулдаг тус хуулийн фирмийг шалгах, хууль бусаар ажиллаж байсан эсэхийг нь нягтлахад Панамын эрх баригчид туслахаар болж байна. Энэ талаар тус улсын төрийн тэргүүн албан ёсоор мэдэгдсэн юм. Оффшор данстай холбоотой мөрдлөгийг ил тод явуулахаа амласан Хуан Карлос Варела "Панамын баримт бичгүүд"-тэй холбоотой дуулиан шуугианы улмаас улсынх нь санхүү эдийн засгийн салбар ганхах вий хэмээн сэрэмжилж байгаагаа мэдэгдсэн байна.
Одоогоор 11,5 сая ширхэг баримт бичиг, гэрээ хэлцэл хуулийн фирмээс алдагдаад байгаа бөгөөд энэ нь дэлхий нийтийг хамарсан хямралыг бий болгож магадгүй байна. Оффшор данстай холбоотой хэрэгт Девид Камероноос эхлээд Си Зиньпинь, Владимир Путин зэрэг их гүрнүүдийн удирдагчид ч нэр холбогдоод байгаа юм.
Алдагдсан баримт бичгүүдийг хакерууд хууль бус аргаар гартаа оруулсан гэж үзэж байна. "Моссак Фонсека" хуулийн фирмээс өгсөн мэдээллээр хакерууд Европоос сүлжээ рүү нь нэвтэрсэн ажээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/