Тэрбээр өдгөө 200 гаруй хүүхдүүдийг лимбэ хөгжмөөр хичээллэж, урлагт хөл тавихад нь тусалж яваа ачтан. ЮНЕСКО-д бүртгэлтэй битүү амьсгаагаар лимбэддэг Ч.Даваажав гуайтай уран бүтээлийн замнал болоод амьдралынх нь талаар ярилцлаа.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу ?
-Би 1959 онд Улаанбааатар хотын нэгдүгээр төрөхөд төрсөн. Намайг Ч.Даваажав гэдэг.
-Та хэзээнээс эхэлж лимбэ хөгжмөөр тоглож эхэлсэн бэ?
-Хамгийн анх намайг 1974 онд аав минь “Хөгжим бүжгийн дунд сургууль”-д оруулж байлаа. ТэгээдМУГЖ алдарт хөгжимчин Л.Цэрэндорж багш шалгаж өөрийнхөө гарын шавь болгосон. Ингээд 1979 онд сургуулиа төгссөн. Багш минь анх орсон цагаас эхлүүлээд концертод оруулаад одоо “Хөгжим бүжгийн коллеж”-ийн багш н.Цогт-магнайтай лимбэний ангиасаа хоршиж гарч байсан юм. 1974 онд ЗХУ-ыннарийн бичгийн дарга Монголд ирсэн. Тэр үеэр “Дуурь бүжгийн эрдмийн театр”-ын тайзан дээр анх удаа гарч тоглосон. Энэ том тайзан дээр бага байхдаа гарсан учраас маш их сэтгэл хөдөлж, урам зориг авч энэхүү хөгжимдөө гүн гүнзгий дурласан даа.
Би өөрийнхөө төгссөн сургууль багшаараа маш их бахархдаг. Түүнчлэн 1976 онд болсон ОХУ-д болсон Соёлын өдрүүдэд “Хөгжим бүжгийн коллеж”-оос шанз, хийл, лимбэний чуулганы бүрэлдэхүүн явсан юм. Мөн Цэргийн ансамбль, үндэсний чуулга бүрэлдэхүүн явсан. Энэ том бүрэлдэхүүнд хэдхэн хүүхэд явна гэдэг том завшаан тохиосон. 1979-1982 онд Хөвсгөл аймгийн “Хөгжимд драмын театр”-т хөгжимчнөөр ажилласан.
Тэгээд 1982-1895 онд Ховд аймгийн цэргийн ангид алба хаасан. Цэргийн ангидаа салаан захирагчийн орлогчоор ажиллаад салаагаа сайн удирдсан гээд ангийн тэргүүний салаагаар шалгарч байлаа. Үүнээс үүдэн 1985 онд армийн ансамбльд орж 1994 он хүртэл ажилласан. Ингээд 2003 оноос “Монголын хүүхдийн ордон”-д багшилж эхэлсэн.
-Таныг битүү амьсгаагаар лимбэддэг гэсэн. Энэ чадварыг хэр удаан суралцаж байж эзэмшдэг вэ?
-Энэ манай багшийн гавьяа юм. Битүү амьсгааг надад анх заасан хүн мөн л манай Л.Цэрэндорж багш. Үүнийг сурахын тулд хамгийн гол нь удаан хугацаанд хичээллэж, уйгагүй хөдөлмөрлөж байж сурна. Одоо би багшийнхаа энэ мэргэжлийг өвлөж байгаа учраас битүү амьсгааг хүүхдүүддээ зааж байгаа. Мөн уртын дуутай салшгүй холбоотой. Яагаад гэвэл амьсгаа гэдэг чинь уртын дуутай холбогдож өгдөг.
-Урлагийн хүн болоход нэг хувийн авьяас, 99 хувь нь хөдөлмөр шаарддаг гэдэг?
-Манай багш авьяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь гэж байнга хэлдэг байсан. Энэ ч үнэн. Огт авьяасгүй хүүхэд гэж байхгүй. Харин багш хүн үүнийг нээж гаргаж буй багш хүний гавьяа юм. Хүмүүс хүүхдээ манай хүүхэд ямар ч авьяасгүй, сонсголгүй, дуулдаггүй гэдэг энэ тийм биш. Монгол хүн болгон тал нутаг шигээ уужим бөгөөд “найранд гурван дуутай наадамд гурван даваатай” гэдэг үнэн үг билээ. Тэгэхээр бид хүүхдийн авьяасыг нээж өгөх л хэрэгтэй.
-Та тасралтгүй хэр удаан хугацаанд лимбэ тоглож чадах вэ?
-Ер нь их удаан тоглоно шүү.
-Битүү амьсгааг 2011 онд Юнескод бүртгүүлсэн. Энэ талаар?
-2011 оны 11-р сарын 24-ны өдөр ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах Конвэнцийн зургадугаар чуулган болсон юм. Энэхүү чуулганаар “Монголын лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа” –г ЮНЕСКО яаралтай хамгаалах биет бус өвийн жагсаалтад бүртгэн авсан шийдвэрийг гаргасан. Үүний дагуу ЮНЕСКОД бүртгүүлсэн байгаа.
-Та 40 жилийн турш лимбэ тоглож урлагт багагүй хувь нэмэр оруулсан билээ. Хийж бүтээсэн зүйлээсээ дурдвал?
-Тэгэлгүй яахав. Хүүхдүүддээ гадаадын сонгодог зохиол, орчин үеийн зохиолыг хөгжимдөж сургах тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Мөн уртын дууг битүү амьсгалтай хослуулахыг түлхүү зааж байгаа.Энэ гэхдээ дугуйлан ч гэлээ хүүхдүүдээ мэргэжлийн хэмжээнд сургаж гаргана гэж боддог. Мөн хүүхдийг хөгжмөөр хүмүүжүүлэхээс гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зэрэг оюуны маш том хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал, хөгжмөөр хичээллэсэн хүүхэд ямар нэгэн хэрэгт ороод байх нь бага байдаг.
-Тун удахгүй та “Сэтгэлийн эгшиг” нэртэй тоглолтоо хийх гэж байгаа. Энэ тоглолтын талаар?
-Энэ ийм учиртай тоглолт юм. Би 1976 онд Москвад болсон Монголын соёлын өдрүүдэд хүүхэд байхдаа орж байсан юм.Түүний болон урлагаар явсны минь 40 жилийн ой ирэх таван сард болно. Тэгээд үүнийг тохиолдуулаад Э.Амар-Эрдэнэ, А.Мишээл гээд хоёр шавынхаа тоглолтыг хийх гэж байна. Энэ хоёр хүүхэд маань олон жил тоглож байгаа бөгөөд олон уралдаан тэмцээнд орсон хүүхдүүд. Тиймээс би бага байхдаа олон тайзан дээр гарч тоглолт хийж байсан учраас шавь нарынхаа тайлан тоглолтыг хийхээр болсон юм.
-Энэ тоглолтод зөвхөн энэ хоёр хүүхэд оролцох юм уу ?
-Үгүй. Миний хэдэн шавь нар оролцоно. Харин би өөрөө удирдан зохион байгуулж байгаа юм. Мөн тоглолтод бас оролцоно.
-Тоглолтын нэр их содон санагдлаа. “Сэтгэлийн эгшиг” гэж нэрлэхийн учир нь?
-Хөгжим бол хүний сэтгэлээс гардаг эгшиг юм. Тэр хүн хэчнээн сайхан нот хараад тоглож байсан ч сэтгэлгүй бол хэзээ ч хүнд хүрч чадахгүй. Яагаад гэвэл тэр хөгжмийг сэтгэлээсээ тоглож байж тэр зохиолын утга санаа, аялгууг гаргаж амилуулна гэсэн үг. Тиймээс “Сэтгэлийн эгшиг” гэж нэрлэсэн.
-Та гэр бүлийнхээ талаар танилцуулаач. Танай гэрээс лимбэ тоглодог хүн бий юу?
-Манай эхнэрийг Б.Мөнх-цогцол гэдэг. Бид дөрвөн хүүхэдтэй. Яг манай хүүхдүүд дундаас лимбэ тоглодог хүн байхгүй. Харин ач зээ нараас лимбэ тоглодоггүй хэрнээ бүжиглэдэг хоёр зээ бий. Мөн “Хөгжим бүжгийн коллеж”-ын наймдугаар ангид суралцдаг ач охин минь ёочин хөгжим тоглодог.
-Та 2003 оноос хойш багшилж эхэлсэн. Энэ цагаас хойш олон шавь төрүүлэв үү?
-Одоогоор 200 гаруй шавьтай болоод байна.
-Хөгжимчин, багш хоёрын хооронд том ялгаа байгаа байх. Та багш болсноосоо хойш ямар арга барилаар хичээл зааж байна?
-Хөгжимчин хүн зүгээр нэг нот хараад удирдаач удирдахад сайн хараад тоглох чухал юм. Харин багш хүн маш няхуур байх шаардлагатай. Янз бүрийн насны хүүхэдтэй харьцахаас гадна амьдрах орчин нь өөр учраас их хэцүү шүү дээ. Мөн янз бүрийн ааш араншинтай хүүхэдтэй харьцана. Тиймээс хүүхэдтэй яаж харицах арга барилаа олох, улам туршлагатай болох хэрэгтэй. Багш хүн хүүхдэдээ уусчөгдөг юм байна лээ. Тэгснээр хүүхэдтэйгээ илүү дотно харьцдаг юм.
- Та юунаас хамгийн их урам зориг авдаг вэ?
-Тайзан дээр гараад тоглож байхад үзэгчдийн алга ташилт хамгийн их урам зориг, хүчийг өгдөг. Хүүхдүүд тэмцээн уралдаанд яваад ирэхээрээ биеэ тоож эхэлдэг. Тэгэхээр нь би урлагийн хүн даруу төлөв байх ёстой шүү гэж шавь нартаа үргэлж хэлдэг юм.
- Таны цаашдаа төлөвлөгөө?
-Хамгийн гол нь сайн шавь бэлтгэх зорилготой байна. Тэгвэл лимбэ хөгжим маань тасрахгүй явна гэсэн үг. Багш минь намайг ийм сайхан зүйлд хөтөлсөн учраас багшийнхаа ачийг хариулна. Багшдаа л их баярлаж явдаг даа.
-Таны 40 жилийн хөдөлмөрийн үр шим олон шагнуулыг дагуулсан биз ээ?
- 1993 онд МХЗЭ-ийн Тэргүүний сэхээтэн залуу, Батлан хамгаалах яамны жуух бичиг зэргээр шагнуулж байлаа. Мөн 2013 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2014 он Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан.
Биднийг ийн хөөрөлдөж байх үеэр түүний шавь Э.Амар-Эрдэнэ орж ирснээр бидний яриа өндөрлөж, шавьтай нь цөөн хором хөөрөлдлөө.
-Хэзээнээс эхэлж лимбэ хөгжмөөр хичээллэж эхэлсэн бэ?
-Анх “Монголын хүүхдийн ордон”-д 2009 онд орж ирсэн. Тэр цагаас Ч.Даваажав багшийнхаа шавь болоод хичээллэж эхлээд өнөөдрийг хүртэл лимбээ тоглосоор л явна.
-Хэн нэгэн хичээллэхийг зөвлөсөн үү. Өөрийн сонирхлоор тоглодог болсон уу?
-Өөрөө хөгжимчин болно гэж их боддог байсан. Энэ сонирхлоороо тоглож байгаа.
-Лимбэ тоглоход хэцүү юу. Шантрах үе гардаг уу?
-Лимбэ нь бусад ардын хөгжим дундаа чанга дуутай. Дандаа ая тоглодог хөгжим учраас сайхан санагддаг. Тиймээс хэцүү байсан ч тоглох дуртай.
-Ямар тэмцээн уралдаанд оролцож байв?
-Хамгийн анх “Ая эгшгийн зургаан жигүүр” гээд тэмцээнд бага насны ангилалд орж байсан. Тэгээд тэргүүн байрыг нь авсандаа их урамшсан шүү. Түүнээс хойш Монголын хүүхдийн ордны “Аялгуу” хамтлагт ороод Оросын Иктринбурк хотод болсон “Зимлая обши дом” гээд Олон улсын хүүхдийн урлагийн их наадамд хамтлагаараа тэргүүн байрт шалгарсан.
-Багшийнхаа талаар яривал?
-Манай багш заах ур чадвар маш сайтай. Хүүхдэд бага хугацаанд юмыг ойлгуулдаг мундаг хүн байгаа.Хөгжим тоглож эхлэхэд минь миний А үсгийг заасан гэж хэлж болно. Тиймээс багшаасаа их зүйл сурч одоо ч сурсаар байгаа билээ. Багшдаа маш их баярлаж, хүндэлж явдаг. Хайртай шүү гэж энэдашрамд хэлмээр байна.
Мөн дөрөвдүгээр сарын 16-нд 16:00 цагт Монголын хүүхдийн ордны концертын танхимд болох "Сэтгэлийн эгшиг" уран бүтээлийн тайлан тоглолтод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.