"Panama Papers" буюу дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүд болон олны танил эрхмүүдийн оффшор данстай холбоотой баримт бичгүүд олноо дэлгэгдсэний улмаас олон улсад маргаан мэтгэлцээн жагсаал цуглаан өрнөж, улмаар Исландын Ерөнхий сайд Сигмюндюр Давид Гюннлейгссон огцроход хүрээд байна. Тэгвэл түүний ажлыг авах Исландын шинэ Ерөнхий сайдын нэр тодорсон байна.
Исландын Загасчлал, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Сигурдур Инги Йоханнссон Исландын Ерөнхий сайдаар томилогдсон байна. Исландын барууны үзэлт эрх баригч эвсэл ийнхүү дараагийн Ерөнхий сайдыг маш богино хугацаанд томилж, 53 настай улс төрч өнөөдрөөс ажлаа хүлээн авч байна.
Сигмюндюр Давид Гюннлейгссоны хувьд хөрөнгө орлогын мэдүүлгээ худал өгсөн хэрэгт унаж, ёс суртахуунгүй улс төрч гэсэн цол хүртээд байна. Түүний эсрэг жагсаал цуглаан Исланд даяар хүчээ авч, Сигмюндюр Давид Гюннлейгссон өөрийн саналаар ажлаа өгөөд байгаа юм. Тэрээр Ерөнхий сайдын албыг 2 жилийн хугацаанд хашсан бөгөөд улсынхаа хамгийн залуу Ерөнхий сайдаар нэрлэгдэж байсан юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/