Найз нөхөд, ажлын хамт олон, хамаатан садангууд нь бяцхан нярай, шинэхэн ээж, аавуудад баяр хүргэж, эргэж очихдоо заавал авах брэнд нэгэн бэлгийг “Ногоон сэтгүүлч” ТББ, “МУХАХА” уран бүтээлийн нэгдэл хамтран бүтээсэн байна.
Энэ бол Жангар туулийн дүр болох “Агай Шавдал хатан, Араг улаан Хонгор”-оор нэрлэсэн эх, үрсдээ барих бэлэг, ерөөлийн ном аж.
Номны зохиогчид брэнд бэлгийн ном бүтээхийн тулд гурван сарын турш судалгаа хийсэн байна. Ингэхдээ шинэхэн аав, ээжүүд болон цэцэрлэгийн багш нараас асуулга авахаас гадна эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж номны бүтцийг тодорхойлжээ.
Шинэхэн аав, ээжүүдээс монголчуудын хүүхэдтэй холбоотой уламжлалт зан заншил, ёс домны тухай мэдээлэл хэдий үед их хэрэг болж байгааг тодруулахад бүгд “яг одоо” хэмээн хариулсан байна.
Өөрөөр хэлбэл, өмнө нь залуус хүүхэдтэй холбоотой уламжлалт зан заншил, ёс домны тухай мэдээллийг огт сонирхдоггүй байсан бол аав, ээж болсноор энэ тухай маш их судалж эхэлдэг байна. Аавуудын хувьд хүүхдэд нэр өгөхөд ямар дэг ёс барих, ээжүүд хүүхдээ хэрхэн домнож хар муу зүйлээс хамгаалах зэргээр мэдээлэл хайж эхэлдэг аж. Иймд уг шаардлагад үндэслэж тус номонд монголчуудын хүүхэдтэй холбоотой уламжлалт зан заншил, ёс домны тухай цогц мэдээллийг оруулж өгсөн байна. Ингэхдээ интернэтэд огт байдаггүй мэдээллүүдийг томоохон бүх номын сангаас сар гаруйн турш түүвэрлэн авч оруулжээ.
Дараагийн асуултад шинэхэн эцэг, эхчүүдээс найз нөхөд, эцэг эх, ажлын хамт олноосоо ямар бэлэг авах хүсэлтэй байдаг тухай тодруулахад ихэнх нь гоё чамин зүйлээс илүү амьдралд хэрэгтэй эд байвал дээр хэмээн хариулсан байна.
Шинэ хүн мэндлэхэд их хэмжээний хэрэглээ бий болдог. Хамгийн гол нь уг хэрэглээнүүдийг зайлшгүй авах хэрэгтэй байдаг аж.
Тухайлбал, живх нь олон гэр бүлийн хувьд сар тутмын хамгийн өндөр зарлагыг эзэлдэг байна. Дээрээс нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед дээрх хэрэглээнүүдэд дэм үзүүлэх ямар ч бэлгийг дуртайяа хүлээн авна хэмээн залуу аав, ээжүүд хариулжээ. Тэгвэл уг дүгнэлтэд суурилж дээрх номонд хүүхэд, эх, гэр бүлд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хөнгөлөлтийн купонууд оруулж өгсөн байна.
Тодруулбал, залуу аав, ээжүүдэд зайлшгүй хэрэгтэй живх, хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, хүүхдийн эмнэлэг, өлгий хувцас зэрэг бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг жилийн хугацаанд хөнгөлөлттэй үнээр авч, 2 сая хүртэл төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломж олгожээ. Ингэхдээ хөнгөлөлтийг зохиомол бус маш бодитой байхад онцгой анхаарсан талаар номын зохиогчид тайлбарласан.
Зохиогчид номоо зөвхөн эх, хүүхдээс гадна гэр бүлийн гишүүн бүрт зориулахад ихээхэн анхаарсан байна. Үүнтэй холбогдуулж эцэг, эх болон цэцэрлэгийн багш нараас бага насны хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд юу хамгийн их сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа тухай тодруулжээ. Ингэхэд ихэнх эцэг эх, багш нарын хувьд “Хүүхдүүд зурагт, гар утас, таблеттай хэтэрхий их нөхөрлөж байна.
Энэ нь хүүхдийг орчноос тасалж, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж, төсөөлөн бодох, хэл ярианы чадварыг нь сулруулж байна” хэмээн халаглан ярьжээ. Иймд номны баг удаан хугацаанд бодож төлөвлөсний эцэст Жангар туулийн баатруудыг шинэ адал явдалд хөтөлсөн үлгэрийг тууль хэлбэрээр бичихээр шийдсэн аж.
Яагаад заавал туулийг сонгох болов гэвэл монголчууд эрт дээр үеэс хүүхдэд багаас нь тууль сонсгож, цээжлүүлж иржээ. Тууль нь үлгэртэй харьцуулахад уран яруу хэлбэрээр бичигдсэн, маш баялаг үгийн сантай, үйл явдлын өрнөл, дүрслэл нь маш хэтрүүлэгтэй байдаг.
Энэ нь хүүхдийн бяцхан ертөнцөд гайхамшигт уран зөгнөлийг үүсгэж, зоримог хатуужилтай, биеэ дайчлах зүтгэлтэй болгоход голлох үүрэг гүйцэтгэдэг байна. Орчин үед хүний төлөвшлийн 70-80 хувь нь хүүхэд байхад үүсэн бүрддэг гэсэн судалгаа бий.
Энэ байдлыг манай өвөг дээдэс эртнээс анхаарч хүүхдийг бага байхаас нь тууль сонсгож зоримог дайчин, шударга, зөв хүн болж төлөвших суурийг тавьж өгдөг байжээ.
Туулийг мэргэжлийн уран бүтээлчид бичсэн бөгөөд үйл явдлын өрнөл зөрчил, тайлалыг хүүхдийг шууд татах сонирхолтой хэлбэрээр бичиж, туулийн үндсэн хэв шинжийг хадгалж, улам баяжуулсан байна. Одоо эцэг, эхчүүдийн хувьд орой бүр хүүхдэдээ тууль уншиж өгч, яагаад, юуг хэмээх түм буман асуултад хариулах хэрэгтэй болж байна. Жишээ нь монгол гэрийн олон төрлийн эд хэрэглэгдэхүүн, түүнийг хэрхэн олон янзаар дуудаж байгаа түм буман үгийн баялаг санг тайлбарлах хэрэгтэй болно. Мөн туулийн бүх үлгэрийн баатруудыг баримлын шавраар бүтээсэн нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, баримлаар хайртай баатруудаа урлан сэдлийг өдөөхөд чиглэсэн байна.
Үүнээс гадна хүүхдийнхээ дурсамжуудыг үлдээх дурсгалын дэвтэр зэрэг сонирхолтой бүлгүүдийг оруулж өгснөөр шинэхэн эцэг, эхчүүдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах, сэтгэл ханамж дүүрэн байлгах брэнд нэгэн бэлгийг бүтээж чадсан байна. Түүнчлэн номны орлогын тодорхой хувийг олон хүүхэдтэй эмзэг бүлгийн гэр бүлд туслахад зориулах аж.
Номыг 98889884, 99049771 утсаар захиалаарай.
Сэтгэгдэл (1)