Даваа гаригт Тэсрэх бөмбөгөөс сэргийлэх олон улсын өдөр тохиосон бөгөөд энэхүү өдөрт зориулж НҮБ-ын төв байранд НҮБ-ын ЕНБД Бан Ги Мун, UNMAS буюу НҮБ-ын газрын мина-г аюулгүйжүүлэх агентлагийн дарга Агнес Маркалу болон мөн Их Британий жүжигчин Дэниель Крэйг нар мэдэгдэл хийлээ.
Тэд энэ үеэр мөн НҮБ-ын газрын мина-г аюулгүйжүүлэх агентлагийн өнгөрсөн жилийн тайланг танилцуулсан байна. Өнгөрсөн жил НҮБын Тэсрэх бөмбөг болон тэсрэгч хорт бодисыг аюулгүйжүүлэх тусгай төлөөлөгчөөр томилогдсон жүжигчин Дэниель Крэйг хэлэхдээ Сири, Ливи, Ирак, Сомали гэх мэт дайн болон зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа улс орнуудын ард иргэдийн амь амьдралыг аврахын тулд НҮБ-ын газрын мина-г аюулгүйжүүлэх агентлагийн үйл ажиллагаа тун чухал үүрэгтэйг онцлоод, дэлхийн улс орнууд болон хувь хүмүүсийг энэхүү байгууллагад хөрөнгө, мөнгө хандивлахыг уриалсан байна. НҮБ-ын тус агентлагийн өнгөрсөн жилийн тайланд тэсрэх бөмбөгт өртөж амь үрэгдсэн хохирогчдын тоо улам өсөн нэмэгдэж байгааг дурьдсан байна.
Тодруулбал 2014 онд тэсрэх бөмбөг, газрын минад 3680 хүн өртсөн нь 2013 онтой харьцуулахад 12 хувиар өссөн байна. Харин тэсрэх бөмбөгийг аюулгүйжүүлэх үйл ажиллагаанд олон улсын зүгээс үзүүлсэн хандивын хэмжээ 2014 онд 417 сая ам.доллар байсан нь 2013 оныхоос 23 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй гарчээ. 2015 онд НҮБ-ын уг агентлаг 168000 ширхэг тэсрэх бөмбөг болон 10000 газрын мина-г устгалд оруулж, нийт 64 км шоо дөрвөлжин талбай бүхий газар болон мөн 4000 км урт замыг шалган цэвэрлэж, аюулгүйжүүлсэн байна.