Европын холбоо болон Турк улсын хооронд байгуулагдсан гэрээ хэлэлцээр өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Шинэ тутам байгуулагдаад байгаа гэрээний заалтын дагуу Турк улс хэдэн мянгаар тоологдох цагаачийг эх нутагтаа хүлээн авахаар болсон юм. Эхний ээлжинд Грек болон Европын холбооны хэд хэдэн улс орноос цагаачдыг хүлээн авахаар бэлтгээд байгаа бөгөөд энэ долоо хоногоос асар олон хүнийг хамарсан шилжилт хөдөлгөөн эхлэх гэж байна. Турк улсын хувьд бэлтгэлээ базааж, дүрвэгсдийн хуарангуудыг зохион байгуулан майхан, хоол унд, эм тариа гээд шаардлагатай бүхнийг базаасан байна.
Туркийн Ерөнхий сайд энэхүү гэрээний гол зорилгыг дүрвэгсдийг хамгаалах мөн эмх замбараагүй байдлыг эцэс болгох хэмээн тодорхойлсон юм. Европын холбоо болон Туркийн хооронд байгуулагдсан гэрээний үрээр цагаач, дүрвэгсэд тодорхой маршрутын дагуу зорчин Европт хүрэх ёстой болж байгаа юм. Үүнээс өмнө цагаач иргэд өөрсдийн шийдвэрийн дагуу аль аль улсаар дамжин, ямар тээврийн хэрэгслээр зорчин Европт хүрэхээ шийддэг байсан юм. Гэвч энэ зуураа хүний наймааны золиос болох, амь насаа алдах зэрэг олон эрсдэлтэй тулгарч ирсэн байна. Найдваргүй, хуучирч муудсан завиар зорчсоныхоо улмаас хэдэн зуун цагаач иргэн далайд амиа алдсан байдаг юм. Тэгвэл энэ явдал эцэс болно гэдгийг Европын холбоо мэдэгдэж байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/