Умард Солонгос улсын төв телевизийн бямба гаригийн мэдээгээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун саяхан шинэ төрлийн пуужинг туршин, хөөргөх ажлыг удирдан явуулсан талаар мэдээллээ. Энэхүү мэдээнд шинэ төрлийн агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн системийн туршилтад Ким Че Ун оролцсон болохыг гэрэл зургийн хамтаар үзүүлсэн байна. Гэхдээ туршилт хэзээ, хаана явагдсан болохыг мэдээнд дурьдаагүй байна. Энэхүү шинэ төрлийн пуужингийн системийг БНАСАУ бие даан зохион бүтээсэн бөгөөд туршилтад тус улсын удирдагч Ким Чен Ун сэтгэл ханамжтай байсан хэмээн онцолсон байна. Мөн энэ нь Умард Солонгосын Хөдөлмөрийн Намын батлан хамгаалах шинжлэх ухаан, техникийн талаарх төрийн бодлого зөв болохыг гэрчилж, БНАСАУ-ын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын үсрэнгүй хөгжлийн бас нэгэн том амжилт боллоо гэжээ. Умардын энэхүү мэдээ нь АНУ, Өмнөд Солонгос мөн Япон улсын төрийн тэргүүн нар Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс урьдчилан сэргийлэх тал дээр ойр хамтран ажиллахаар тохиролцсоны дараахан цацагдсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (1)