УДБЭТ энэ өдрийг тохиолдуулан энэ сарын 2, 3-ны өдрүүдэд буюу ирэх амралтын өдрүүдэд “Дөрвөн өнгө” цоо шинэ балетын шоу тоглолт тоглогдох аж.
Жилийн дөрвөн улирлын өнгийг дөрвөн балетмейстер өөр өөрсдийн бүтээлийн өнгө болгон авч, дөрвөн өөр арга барил, тавилтаар 25-30 минутын балетын бүтээл дэглэжээ. Тоглолтод үндсэн нэг өнгийн тайзан дээр гэрлийн олон талт эффект, дуу, шумны өвөрмөц онцлогийг ашиглах бөгөөд дөрвөн улирлын өнгө төрхийг харуулсан шийдлүүд нар, цас, бороо, салхийг мэдрүүлэх аж.
Балетын гоцлол жүжигчин, СТА Г.Батчимэг хөгжмийн зохиолч Эдвард Григийн “Өглөө”-г сонгон авч хэн бүхний мэддэг, таашаан сонсдог гайхамшигт танил аялгууг жинхэнэ сонгодог “классик” балетын хөдөлгөөнөөр дамжуулж үзэгчдэд өвлийн улирлыг харуулах юм байна. Харин УДБЭТ-ын ерөнхий балетмейстер, СТА Б.Жаргал хаврын улирлыг Антонио Вивалдигийн алдарт “Дөрвөн улирал” сонатаар үзүүлэхээр сонгон авч нэрт хөгжмийн зохиолчийн байгалийг мэдэрсэн мэдрэмжээ хөгжмөөр илэрхийлсэн алдарт бүтээлийн аялгууг хүний сэтгэл дэх хаврын тухай неоклассик бүжгийн өгүүлэмжтэй хослуулан харуулахаар болжээ.
Тэгвэл зуны дэлгэр улирлыг балетын гоцлол жүжигчин, СТА Э.Эрдэнэжаргал Николас Жаар хэмээх шинэ залуу хөгжмийн зохиолчийн бүтээлээр бүжгийн нэг төрлийн урсгалд баригдалгүй, модерн болон контенпорари урсгалыг өөр бусад төрлүүдтэй холбон уран сэтгэмжээ үзэгчидтэй хуваалцах юм.
Гэгэлгэн намрын улирлыг балетын хөтлөх найруулагч Н.Чинзориг Сергей Рахманиновын Төгөлдөр хуурын II симфонийг неоклассик балеттай зохицуулан цоо шинэ бүтээл туурвижээ.
Энэ амралтын өдрүүдээр УДБЭТ-ын дөрвөн залуу балетмейстерийн ур чадвар, сэтгэлийн өнгө гэрэл, дотоод ертөнцийг хэрхэн бүжихийг тольдоорой.