Энэтхэг улсын Калькутта хотод баригдаж байсан барилга нурж, хүний амь нас эрсдсэн байна. Барилгын нурангинд дарагдсан маш олон хүн гэмтэж бэртжээ. Одоогийн байдлаар амиа алдсан хүний тоо 21-ээр хэмжигдэж байгаа бөгөөд энэ тоо хэтдээ нэмэгдэж магадгүй байна. Барилгын нурангийг цэвэрлэх явцад дотроос нь гэмтэж бэртсэн эсвэл амиа алдсан хүмүүс олдсоор байгаа юм байна. Гэмтэл авсан хүний тоо хэдэн арваар тоологдож байгаагаас гадна барилгын нурангид хэд хэдэн автомашин даруулсан байна. Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр хэдэн арван тонн жинтэй барилгын төмөр болон бетон дээрээс нурж ирсэн бөгөөд хүн амын төвлөрөл ихтэй хотын хэсэгт ийм хэрэг гарсан нь олон хүн хохирох шалтгаан болсон байна. Энэ явдал чанаргүй барилга ямар аюултай болохыг харууллаа хэмээн Калькутта хотын ард иргэд ярьж байна. Чанар стандартын дагуу бариагүй эсвэл хэт хуучирсан барилга байшин нурж хүний амь нас эрсдсэн тохиолдол өмнө нь олонтаа гарч байсан юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/