АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Дональд Трамп олон янзын асуудал хөндөн байр сууриа илэрхийлэх болсон. Олон нийтийн дунд маргаан дагуулсаар ирсэн үр хөндөлтийг Дональд Трамп гэмт хэрэг гэж үздэгээ мэдэгдсэн байна. Тэрээр үр хөндүүлсэн иргэдэд тодорхой шийтгэл оноох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, олны дунд маргаан мэтгэлцээнийг үүсгээд байна.
Дональд Трампийнхаар бол үр хөндөлтийг хуулиар бүр мөсөн хорих ёстой бөгөөд үүнийг гэмт хэрэгт тооцож, иргэн болон эмнэлэг мөн эмчид хариуцлага тооцох ёстой ажээ. Олон жилийн өмнө Трамп хэвлэлд өгсөн ярилцлагадаа үр хөндүүлэх эсэх нь хүний эрхийн асуудал хэмээн хэлж байсан юм. Гэвч олон жилийн явцад түүний энэ байр суурь өөрчлөгджээ.
Дональд Трамп хэлэхдээ "Үр хөндөлтийн цаана хүний амь байгаа гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Манай намд үр хөндөлтийг эсэргүүцдэг маш олон улс төрч бий. Үр хөндөлтийг зогсоохын тулд хуулийн хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Гэхдээ шууд л шоронд хорьж, торгууль тавьна гэж байгаа юм биш шүү. Яг ямар төрлийн шийтгэл байх хэрэгтэйг нь би сайн мэдэхгүй байна л даа" хэмээсэн байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/