Уржигдар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Йемен улс дахь төлөөлөгч Жулиен Харнейс тус улсад өрнөж байгаа зөрчил мөргөлдөөний хор уршгийн талаарх тайлангийн дүнг танилцуулсан байна. Тэрээр зөрчил мөргөлдөөний явцад 934 хүүхэд амь үрэгдэж, 1356 хүүхэд бэртэж, гэмтсэн гээд нийт амь үрэгдсэн болон шархадсан бага насны хүүхдүүдийн 61 хувь нь агаарын довтолгоонд өртсөн болохыг дурьдсан байна.
Сэтгүүлчдэд хийсэн мэдэгдлийн үеэр Жулиен Харнейс мөн зэвсэгт бүлэглэлүүдэд элсч байгаа хүүхдийн тоо улам нэмэгдсээр байгаа талаар мэдээлсэн байна. Йемен улсын нийслэл Санаа хотыг эзлэн аваад байсан Хүти хэмээх шийт босогчдын довтолгоог зогсоох үүднээс 2015 оны 3 дугаар сарын 26-наас эхлэн Саудын Арабын тэргүүлсэн эвслийнхэн хариу арга хэмжээг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Хүти босогчдын довтолгоог дарсан ч тэд Санаа хот болон Йемений хойд хэсгийг мэдэлдээ байлгасан хэвээр байгаа юм.
Мөн тус улсын төв хэсэгт Хүти босогчид Саудын Арабын тэргүүлсэн эвслийн хүчнийхэнтэй дайтсаар байгаа билээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/