Монголын эдийн засгийн форум 2016 "Сургамж, сорилт, шийдэл" уриан дор Төрийн ордонд өчигдөр эхэлсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголын эдийн засгийн форумын нээлтийн үеэр хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Баримт 1. Улаанбаатарт гарах шийдвэр Бээжин, Москвагийн аль нэгэнд эхэлж шийдэгддэг үе өнгөрөөд 26 жил боллоо.
Баримт 2. Анхны том сорилго “Азийн хямрал” нэртэйгээр 1998 онд ирсэн. Энэ бол биднээс биш Ази тивээс хамаарсан хямрал байлаа. Аз болоход тэр үед монголын эдийн засаг дэлхийгээс бус өөрөөсөө хамаарсан жаахан бүтэцтэй байсны хүчинд ард нь бид амархан гарсан.
Баримт 3. Удаах хямрал 2008 онд ирсэн. Энэ нь хорвоо дэлхийг нөмөрсөн хямралын сүүдэр байлаа. Валютын нөөц шавхагдаж, банкууд эхнээсээ дампууран үүдээ барьж эхэлсэн. Энэ их хямрал, инфляцийн дундуур хоёр жил цалин, тэтгэвэр нэмээгүй зүтгэсэн. Валютын сангийн хөтөлбөрийн хатуу нөхцөлүүдийг ч хангалттай биелүүлж чадсан.
Баримт 4. Эдийн засаг ч хямрахаа больсон, бид ч хүнээ байсан. Өмнөх хямралаасаа суралцахын оронд хэрэглээгээ тэлэн тансаглах замд шилжсэн.
Баримт 5. Олоод л, хуваагаад л, идээд л, нэмж нэхээд л, арай илүү амлаад л явсан. Монголын төр, иргэдийн хооронд “ Хэдийг өгөх юм бэ”, “Хэн нь ялбал илүүг өгөх юм бэ” гэдэг л харилцаа бий боллоо. Монгол хүн болсны шагнал, гэрлэсний шагнал, хүүхэд гаргасны шагнал гээд юм бүхэн шагналтай, урамшуулалтай болж 4 тэрбум монгол төгрөг биш, ам долларыг хувааж авлаа.
Баримт 6. Монголыг байтугай дэлхийг тэжээх, хосгүй үнэт баялаг зөвхөн манайд л байна гэж бултаараа үнэмшсэн. Хүн төрөлхтөн цаашдаа биднийг л царайчилж оршин тогтнох юм байна гэж итгэсэн. Тэгээд хосгүй их хоолоо хэнтэй ч хуваахгүй хэрэглэнэ, мөнгө тасралтгүй орж ирнэ, монголчууд ганцаараа хөгжиж чадна гэсээр гадны хөрөнгө оруулагчдаа хөөж явуулсан
Баримт 7. Харамсалтай нь хүний зовлон дээр ургасан жаргал маань удаан үргэлжлээгүй ээ. Австралийн уурхай ч хатаж дууссан, бид ч олсноо идэж барсан. Эдийн засгийн гурав дахь сорилт Азиас ч болсонгүй, Австралиас ч гайтсангүй, өөрснөөс маань болсон, өөд нь хаясан чулуунаас үүдсэн хүндрэл байлаа.
Баримт 8. Эдийн засгийн үүлэн чөлөөний нарны үр ашгийг хувааж идээгүй бол энэ хүндрэл ийм хүчтэй ирэхгүй байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулаагүй бол гай зовлонг тойрох л байсан. Ядаж л Оюу толгойн 2 дахь шатыг явуулж байсан бол одоогийнхоосоо хоёр дахин дээр суух байлаа.
Баримт 9. Өнөөдөр уул уурхай, байгалийн баялагийн экспорт дээр суурилсан манайтай адил бүх эдийн засгууд хүчтэй хямарч байна.
Баримт 10. Намаараа, улсаараа, нийтээрээ улс төр эдийн засгийн сэтгэлгээгээ эрүүлжүүлэхгүй бол улс төр, эдийн засаг эрүүлжихгүй байна.
Баримт 11. Алдагдсан боломжийн хариуцлагыг хэн ч нэхдэггүй болохоор улсаа хорлосон, боломжийг алдуулсан, хөгжлийг гацаасан хүмүүс хамгийн найдвартай маск - халуун эх орончдын дүрд тоглож эхэллээ.
Баримт 12. Үндэсний хэмжээнд хариуцлага хүлээх чадвартай намууд хамтарч байж л энэ байдлаас гарна.
Баримт 13. 2008 оны хямралаас бид хамтарч чадсан учраас төсвийн хариуцлагын тогтолцоог бий болгож чадсан, өрийн удирдлага, хязгаараа хуульчилж чадсан. Улс төрийн эрх ашгаас илүүтэй улс орны эрх ашгийг урьтал болгож хямралаас гарч болдгийг тухайн үед сөрөг хүчний бүлгийн дарга байсан хүний хувьд сургамж болгон хэлэх эрхтэй гэж бодож байна.
Баримт 14. Монголчууд бид 1921-2012 оны хооронд 2 зуун дамжуулан 91 жилийн хугацаанд 2900 гаруй км зам тавьсан бол 2012-2015 оны хооронд 3 жилийн хугацаанд 2700 гаруй км гаруй зам тавилаа. Энэ 2016 онд нэмж 1200 км-ыг тавина. Нэг хэсэг нь Мянганы зам гэж зөндөө ярьсныг, нөгөөдөх нь Мянганы замыг жинхэнээсээ байгуулсныг зөвхөн эндээс харж болно.
Баримт 15. Дөчин жил 1 МВт-аар ч нэмээгүй эрчим хүчний чадлаа сүүлийн 4 жилд 323 МВт-аар анх удаа нэмлээ. Залж байна гэхгүй бизээ. 3,4-р ЦС-н өргөтгөлүүд, Амгалангийн дулааны станцын араас энэ жил Эгийн голын УЦС, Багануур, Бөөрөлжүүтийн станц, Эрдэнэтийн өргөтгөл залгана.
Баримт 16. Сүүлийн 90 жилийн хугацаанд нийтдээ бид 100.000 айлын орон сууц барьж чаджээ. Харин одоо нэгхэн жилд 25.000 айлын орон сууц барьж чадаж байна. Хямралтай байтугай хямралгүй үедээ манайхан ингэж босгож байл уу. Хуримтлалын эдийн засгийн суурийг тавьсан ипотекийн зээлээр 76 мянган өрх орон сууцанд нүүж орлоо.
Баримт 17. МАН-ын Засгийн газрын үед 11,3 тэрбум, АН-ын Засгийн газрын үед 9,9 тэрбумын нийт гадаад өр бүртгэгджээ. Үүнээс өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах нь 4,9 тэрбум долларын зээл байна. Засгийн газарт хамаатай энэ мөнгөнөөс МАН-ын Засгийн үед 2,3 тэрбум орчим долларыг нь улс төрийн зорилготой халамжид бэлнээр тараажээ. Идсэн уусан гээгүй шүү, битгий мушгиарай.
Баримт 18. Энэ өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсын өр мэт харагдах боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн “Эм Си Эс” компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын “Мак” компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн “НИК”, “Петровис” компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм.
Баримт 19. Өрийн тухай яриагаар өөрсдийгөө өдөж явахын оронд өөрийнхөө тавьсан өрийн дороос өндийж авбал дээргүй юу, улс төрч нөхдөө. Та бүхний өөрсдийнхөө эрсдэлээр авсан өр зээлийг чинь жирийн иргэд харин төлөх ёсгүй гэдгийг энд хатуухан хэлчихье.
Баримт 20. Ардын нам ардаа айлгах тактикаар сонгуулийн компаниа хийх шаардлагагүй гэдгийг энд зориуд онцолъё. Сонгуулийн компани нэг өдөр л дуусна. Монгол Улсын нэр хүнд имиж дуусахгүй үргэлжилнэ гэдгийг санацгаа.
Баримт 21. Харилцан бие биеэ нураадаг чөтгөрийн тойргийн гинжийг өнөөдрийн энэ гогцоон дээр л таслахыг уриалж байна. Өнөөдөр та нар биднийг нураана, маргааш бид нар та нарыг нураана, нөгөөдөр дараагийн ээлж ирнэ гэдэг чөтгөрийн энэ тойрог биднийг мөхөл рүү хөтөлж байна.
Баримт 22. Нэг өдөр л зэс, алт, нүүрс, төмрийн үнэ гэнэт өсдөггүй л юм бол байдал энэ хэвээр өнөө маргаашдаа үргэлжилнэ. Биднийг сонгоод өг, тэгвэл хямралаас гаргаад өгнө, өргүй болгоод өгнө гэж байгаа нь харин бүгд худал.
Баримт 23. Бид харин хийх ажлуудаа тодорхой харж байгаа. Одоо босгосон, босгох хөрөнгөөр дотоодын банкууд, аж ахуйн нэгжүүдээс булаасан дотоодын бондын эх үүсвэрээ эхний ээлжинд суллана. Банкаа, компаниудаа эхний ээлжинд мөнгөтэй болгож өрийн сүлжээг нь тайлна.
Баримт 24. Орон сууцны моргейжээ өргөжүүлж, бизнесийн моргейж эхлүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалтууд татах ажлаа идэвхийлэн үргэлжлүүлнэ. Эдийн засгаа солонгоруулах чиглэлээр төлөвлөсөн тодорхой ажлуудаа хэрэгжүүлнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (47)