Японы зэвсэгт хүчний хязгаарлагдмал байдлыг сулруулан, цэргийнхний үүрэг оролцоог улам нэмэгдүүлэх тухай тус улсын аюулгүй байдлын шинэ хууль өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэллээ. Өнгөрсөн жил олон тооны эсэргүүцэлтэй тулгарч байсан энэхүү хуулийн дагуу Япон улс зөвхөн өөрийгөө хамгаалах бодлого явуулах бус мөн хилийн чанад дахь зөрчил, мөргөлдөөн зэрэг олон улсын аюулгүй байдлын асуудалд оролцож эхлэхээр болж байгаа юм.
Өмнө нь тус улс олон улсын асуудалд зөвхөн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх маягаар оролцдог байсан бол шинэ хуулийн дагуу олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхлэх гэж байна. Японы энэхүү шинэ хууль нь олон улсын судлаачдын дунд маргаан үүсгээд байгаа юм. Харин олон улсын хамтын ажиллагааг улам нэмэгдүүлэн бэхжүүлэхийн тулд тус улс ийм төрлийн өөрчлөлтийг хийх шаардлагатай болсныг Япон улсын Ерөнхий Сайд Шинзо Абе болон Батлан хамгаалахын сайд Ген Накатани нар онцолсон байна.
Хууль хүчин төгөлдөр болохоос нэг хоногийн өмнө буюу даваа гаригт 100 гаруй жагсагчид Ерөнхий Сайдын байрны гадна талбайд цугларан, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Жагсагчид ард түмний удаа дараагийн эсэргүүцлийг үл ойшоон өөрсдийн шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна хэмээн засгийн газрыг буруутгасан байна.
Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөс хойш Япон улсын зэвсэгт хүчнийг зөвхөн тухайн улсад аюул тулгарсан үед ашиглахаар хуулиар хязгаарлан зааж өгсөн байсан билээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/