Жил бүрийн гуравдугаар сарын 27 бол Дэлхийн театрын өдөр. Энэ өдрийг угтан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид "Consonance-CROSSOVER" тоглолтоор ирэх Бямба, Ням гаригт буюу энэ сарын 26, 27-нд үзэгчдэдээ бэлэг барих гэж байна.
“Авьяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцсон тус театрын залуу уран бүтээлчдээс бүрдсэн “Консонанс” хамтлагийн залуусын анхны бие даасан тоглолт нь "Consonance-CROSSOVER" юм.
Энэ тоглолтоороо урлагийн Crossover урсгалыг залуучуудад таниулах зорилготой. Энэ урсгал нь сонгодог дуу, аялгууг олон нийтэд хүртээмжтэй, сонсголонтой байдлаар туурвих арга барил юм. Тоглолтын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Сарантуяа хэлэхдээ “Театрын уран бүтээлчид бид энэ өдрүүдэд Дэлхийн театрын өдөрт зориулсан уран бүтээл дээрээ ид ажиллаж байна. Энэ удаа “Consonance-CROSSOVER” болон балетмейстерүүдийн “4 ӨНГӨ” тоглолтыг цувралаар сонирхуулна. Манай театраас “Нюанс”, “Увертюра” зэрэг хамтлаг төрөн гарсан. Манай театрын залуу уран бүтээлчид болох дуучин А.Наранбаатар, Э.Отгонбат, Г.Дашчанрав нарын “Консонанс” хамтлагийн анхны бие даасан тоглолтыг үзэгч түмэндээ өргөн барина. Эдгээр уран бүтээлч орчин цагийн залуу үеийнхэнд чиглэсэн Crossover урсгалаар бүтээлээрээ туурвидаг. Залуу хосууд маань хүрэлцэн ирж нэгэн оройг сонгодог уралгийн гайхамшгийг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна. Тоглолтод Италиас уригдан ирсэн удирдаач Роберто Салвалаио оролцоно. Итали, Испани, Франц, Англи болон Монголын алдартай бүтээлүүдийг орчин үеийн хэмнэлд хүргэхээр залуус маань бэлтгэж байна. Эдгээр залуус маань “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт оролцож өөрсдийгөө сорьж, нээсэн” гэсэн юм.
Crossover чиглэлийн гол онцлог нь тухайн уран бүтээлч сонгодог дууны элементүүдийг поп дуунд, эсвэл поп дууны элементүүдийг сонгодог дуунд оруулахдаа өөрийн бүтээлч сэтгэлгээг ашиглан поп хөгжмийг сонгодог хөгжимтэй өвөрмөцөөр хослуулан үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл туурвисан байдаг аж.
"Consonance-CROSSOVER" тоглолтын ерөнхий продюсерээр УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Е.Сарантуяа, ерөнхий зураачаар Г.Ганбаатар, удирдаачаар Италийн Роберто Салвалаио, бүжиг дэглээчээр Э.Эрдэнэжаргал, хөгжмийн найруулагчаар “Чингис хаан” хамтлагийн төгөлдөр хуурч Ц.Байдраг, гэрлийн найруулагчаар D-Light компанийн ерөнхий захирал П.Даваа нар ажиллаж байна. Мөн тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжим, балетын жүжигчид, цэнгээнт бүжгийн “Moon dance” хамтлаг болон театрын бусад уран бүтээлчид ажиллах юм.
Тоглолтын тасалбарын хувьд 30.000, 40.000, 50.000 төгрөгийн үнэтэй бөгөөд УДБЭТеатрын касс болон www.ticket.mn сайт, 1900-1188 утсаар үнэгүй хүргүүлж авах боломжтой аж.
Сэтгэгдэл (1)