Их Британий домогт Роллинг Стоунз хамтлаг пүрэв гаригт Кубын нийслэл Гавана хотноо хүрэлцэн ирлээ. Тэд өнөөдөр Гаван хотноо тоглох бөгөөд энэхүү тоглолт түүхэнд бичигдэх арга хэмжээ болох гэж байна. Учир нь Роллинг Стоунз тэргүүтэй рок урсгалын хамтлаг, дуучдын дуу хөгжмийг нэгэн цагт хориглож байсан тус улсын түүхэнд анх удаагаа рок урсгалын хамтлаг хүрэлцэн ирж, амьдаар тоглох гэж байгаа нь энэ юм. Хамтлагийн гишүүд болох дуучин Мик Жаггер, гитарчин Кейт Ричардс, Ронни Вүүдс болон бөмбөрчин Чарли Ваттс нар пүрэв гаригт Гавана хотын Хосе Мартигийн олон улсын нисэх онгоцны буудалд Майами Эйр 737 онгоцоор хүрэлцэн ирсэн байна. Тэднийг Куба улсад суугаа Их Британий Элчин сайд Тим Коул болон Куба улсын Соёлын Яамны албаны хүмүүс угтан авчээ. Өнөөдөр болох уг тоглолт нь тус хамтлагийн Латин Америкийн улс орнуудаар хийсэн "Оле" хэмээх аялан тоглолтын сүүлийн зогсоол болж байгаагаараа онцлогтой юм. Мөн огт үнэгүй болох энэхүү арга хэмжээ Кубын амьд хөгжмийн шүтэн бишрэгчдийн олон арван жилийн хүлээлтийн хариу бэлэг болж, тэдний цангааг тайлсан түүхэн тоглолт болох гэж байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (1)