АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Аргентин улсад хийсэн айлчлал пүрэв гаригт өндөрлөж, баасан гаригийн үүрээр эх орондоо хүрэлцэн ирээд байна. Тэрээр айлчлалынхаа сүүлийн өдөр тус улсын баруун өмнөд хэсгийн Барилош хотод гэр бүлийн хамтаар зочилсон байна. Пүрэв гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама болон тэдний охид болох Саша, Малиа нар Андын нурууны доор байрлах амралт, зугаалгын төв болсон Барилош хотын байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхсон байна. Харин энэ үеэр тус хотод АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг эсэргүүцэн олон зуун хүн жагссан байна. Учир нь тус улсад цэргийнхэн төрийн эргэлт хийсэн түүхийн "хар өдрийн" 40 жилийн ой энэ үеэр тохиосон бөгөөд тухайн үед олон мянган энгийн ард иргэд амь үрэгдэн, мөн ор сураггүй алга болсон тул энэхүү өдрийг "Дурсгалын Өдөр" хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон ажээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/