Өчигдөр Бразил улсын Эрүүл мэндийн сайд Марсело Кастро ирэх наймдугаар сард тус улсын Рио де Жанейро хотноо зохион байгуулагдах 2016 оны зуны Олимпийн наадмын үеэрх тамирчдын болон үзэгчдийг Зика вирус гэх мэт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний талаар танилцууллаа. Ялангуяа Адес Эжипти хэмээх шумуулаар дамждаг Зика вирус болон мөн чикунгуняа, денге хэмээх халуун хумхаа өвчний тархалт анхаарлын төвд байгаа юм. Эрүүл мэндийн сайд Марсело Кастрогийн тайлбарласнаар шумуулын идэвхжил тус улсын өвлийн сарууд болох найм болон есдүгээр сард багасдаг ажээ.
Тэрээр Олимпийн наадмын үеэр халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүст цаг алдалгүй үзлэг шинжилгээ хийх зорилгоор 30 шинэ лабораторийг ажиллуулахаар болсон талаар мэдээлсэн байна. Мөн эрүүл мэндийн даатгалын компаниудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Олимпийн гэр бүлийн гишүүд болох тамирчид, багийн гишүүн төлөөлөгч нар болон албаны хүмүүст хувийн эмнэлгүүд үзлэг, шинжилгээ гэх мэт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх болно хэмээн Марсело Кастро хэлсэн байна. Харин үзэгч гэх зэрэг энгийн иргэдийг хүлээн авч, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх үүргийг улсын эмнэлгүүд хүлээж байгаа бөгөөд Олимпийн наадмын үеэр улсын эмнэлгийн ор болон түргэн тусламжийн автомашины тоог нэмж ажиллахаар болсон талаар мөн тус улсын эрүүл мэндийн сайд өчигдөр танилцууллаа.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/