Дэлхийн Монголчуудын Глобал сангаас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатан мисс”-ийн тэмцээн Улаанбаатар хотноо болж байна. Миссийн тэмцээнд Монголоос гадна Монгол туургатан Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байгаа юм.
Энэхүү тэмцээний хүрээнд оролцогч бүсгүйчүүд Сүүн дусал” хүмүүнлэгийн аяныг өрнүүлж, Хүрээ амаржих газар буюу хуучнаар нийслэлийн II амаржих газрын Нярайн тасгийг тохижуулж өгөхөөр болжээ.
Учир нь дэлхийн миссийн тэмцээнд “Мисс Гүүдвилл” буюу энэрэнгүй тусч номинаци багтдаг бөгөөд Монгол туургатны миссийн наадамд ч энэхүү номинаци албан ёсоор орж байгаа аж.
Тус амаржих газар нь байгуулагдаад 60 гаруй жил болохдоо нэг ч удаа засвар хийж байгаагүй аж. Тиймээс ирээдүйн ээж болох миссүүд маань “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөж энэхүү аяныг өрнүүлж буй гэнэ.
Дашрамд дуулгахад, “Монгол туургатан мисс”-ийн тэмцээний финалын тоглолт энэ сарын 27-нд буюу ирэх ням гаригт Корпорэйт зочидад болох юм байна.
Тэмцээний эцсийн шалгаруулалтаар оролцогчдыг зургаан номинацад шалгаруулах бөгөөд тус тэмцээнийг үзэхээр ирсэн 1100 гаруй үзэгчдийн саналаар тэргүүн миссийг тодруулахаар болжээ. Тэргүүн мисс титэм есөн эрдэнийн шигтгээ, 999 сорьцын алтан бугтай бүхий цэвэр мөнгө байх ажээ.
Тэмцээний зохион байгууллагчдын мэдээлж буйгаар “Тэмцээний шүүгчдийн хувьд 80 хувь нь гаднаас, 20 хувь нь монгол байна. Тиймээс тэмцээн шударга байна гэдэгт итгэлтэй байж болно. Тэмцээний нийт мөнгөн шагналын сан 50 сая төгрөг байгаа. Тэргүүн мисс 30 сая төгрөг хүртэнэ. Үүнээс гадна ивээн тэтгэгчдийн шагнал урамшуулал бий.
Энэхүү тэмцээнийг Франц, ОХУ, БНХАУ-ын элчин сайдын яамныхан анхааралтай ажиглаж байгаагаа илэрхийлсэн” хэмээн ярилаа.