Бельгийн нийслэл хотод халдлага үйлдсэн этгээдүүдтэй холбоотой хамгийн ноцтой мэдээллийг Турк улсын төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган өгөөд байна. Тэрээр Брюссельд халдлага үйлдсэн этгээдийг Туркийн тал баривчлан шалгаж байсан хэмээгээд энэ нь цаг хугацааны хувьд одоогоос 10 сар орчмын өмнө байсан гэжээ. Туркийн төрийн тэргүүн эхэндээ халдлага үйлдсэн этгээдийн нэрийг зарлаагүй бөгөөд террористуудтай холбоо сүлбээтэй байж магадгүй хэмээн үзээд Бельгийн талд хүлээлгэн өгсөн гэдгээ ярьсан байна. Учир нь сэжигтэн Бельгид харъяалалтай нэгэн байжээ. Харин анхааруулга өгсөөр байхад Бельгийн эрх баригчид сэжигтнийг суллан, эрх чөлөөтэй болгосон гэдгийг Эрдоган хэлсэн юм. Тухайн үед Бельгийн Тагнуулын төв газар сэжигтэн этгээдийг террористуудтай ямар ч холбоо сүлбээгүй учир баривчлах боломжгүй хэмээн хариу мэдэгдэж байсан байна.
Сэжигтнийг Турк болон Сирийн хиллэдэг суурингаас баривчилж байсан бөгөөд нэрийг нь Ибрахим эль Бакраоуй хэмээсэн байна. Түүнийг дэлбэрэлтийн үед амиа алдсан хэмээн мэдээллэж байсан юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/