Мали улсын нийслэл Бамако хотноо байрлах ЕХ-ны цэргийн сургуулилалтын төв байр луу зэвсэгт этгээдүүд халдсан хэрэг өчигдөр гарсан байна. Мали улсын зэвсэгт хүчнийхэн хариу үйлдэл үзүүлснээр нэг зэвсэгт этгээд амь үрэгдсэн байна. Мали улсын зэвсэгт хүчний тусгай албаны хэвлэлийн төлөөлөгч, армийн коммандлагч Модибо Наман Траорегийн хэлснээр үлдсэн гурван зэвсэгт этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа гэжээ. Одоогийн байдлаар энэхүү халдлагын буруутныг олж тогтоогоогүй байна. Халдлагын дараагаар ЕХ-ны цэргийн сургуулилалтын төвөөс албан ёсны мэдэгдлийг гаргасан бөгөөд энэхүү мэдэгдэлд тус төв багахан хэмжээний зэвсэгт халдлагад өртсөн болон халдлагын үеэр нэг ч хүн гэмтээгүй гээд Мали улсын аюулгүй байдлын албаныхан тус газрыг хамгаалалтандаа авсан болохыг дурьджээ.