Энэ сарын 19-ний өдөр "The Revenant" киноны Хятад дахь нээлт болсон бөгөөд энэхүү нээлтийн ажиллагаанд Леонардо Ди Каприо өөрийн биеэр оролцсон юм. Тэрээр цаг уурын өөрчлөлтийн хор нөлөөг "The Revenant" кинонд тоглох үедээ илүү ихээр мэдэрснээ ярьж, зураг авалт хийх цас мөстэй газар хайсаар Канад болон АНУ-ын хамгийн хүйтэн хэсгийг зорьсноо хэлсэн юм. Урьд нь цас мөсөөр хучигдаж байсан газар нутаг өдгөө ямар ч цасгүй болсон учир төлөвлөж байсан газрууддаа зураг авч чадаагүй байна. Леонардо Ди Каприо БНХАУ-ыг дэлхийн их гүрэн мөн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг улс учир дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зогсооход хамгийн их хөрөнгө хүч гаргах ёстой хэмээсэн байна. "Долоон голтон" киноны гол дүрийг бүтээсэн Леонардо Ди Каприо устан мөхөхийн даваан дээр байгаа хэл соёлыг хамгаалахын төлөө ажиллана гэдгээ ч мэдэгдсэн бөгөөд тэрээр даяаршлын нөлөөгөөр цөөнх болсон ястан угсаатнууд бусдад ууссаар байгааг ч сануулсан юм. Тэрээр "Энэ кинонд бүтээсэн дүр маань надаас маш их зүйлийг шаардсан. Би амьдралынхаа 20 гаруй жилийг кино урлагт зориулсан ч энэ удаагийнх шиг ийм их тэвчээр, хөлс хүч гаргаж байгаагүй ээ. Киноны бэлтгэл ажил ч маш хүнд байсан. Өдөрт 8-9 цагийг зөвхөн бэлтгэлд зориулж байлаа. Манай кино багийнхан маш олон сорилттой тулгарсан. Үүний үр дүн болсон кино маань хүмүүст олон зүйлийг ухааруулаасай гэж хүсч байна. Байгаль дэлхий бидний хувьд гэр орон маань, бүх зүйл маань гэдгийг л ойлгох хэрэгтэй. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зогсооход БНХАУ маш чухал нөлөөтэй байх болно. Их гүрний хувьд бүх зүйлийн урд алхана гэж найдаж байна" гэжээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/