Мьянмар улсын шинэ төрийн тэргүүн Хтин Кьяв өнгөрсөн долоо хоногт ажил албаа хүлээн авсан. Ажлаа аваад удаагүй байгаа ч Хтин Кьяв улсын төсвийг хэмнэх, зардлыг танах санаачилга гарган, хэлэлцүүлэг эхлүүлээд байна. Төрийн зардлыг бууруулахын тулд эн тэргүүнд яамдуудын тоог цөөлөх хэрэгтэй болохыг Хтин Кьяв мэдэгдсэн. Ойролцоо үүрэг чиглэл бүхий яамдуудыг нэгтэн, заримыг нь татан буулгаж, төрийн данхар бүтцийг үгүй хийх нь Хтин Кьявын эхний ажил болоод байна. Ингэснээр илүү үр бүтээлтэй, зардал багатай ажиллах нөхцөл бүрдэх юм байна. Одоогоор 21 яамыг 18 болтол нь бууруулах зорилтыг тавиад байгаа юм.
Өнгөрсөн хэдэн 10 жилийн хугацаанд данхайж ирсэн төрийн бүтцийг өөрчилж, шинэчлэх нь амаргүй ч гэлээ зайлшгүй ажил болохыг Хтин Кьяв мэдэгдсэн. Нэгэн үе Мьянмарт 36 яам үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд нас сүүдэр 70 хүрсэн төрийн тэргүүн энэ байдлыг эцэс болгохоо амлаад байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/