Түүхэн гэх тодотгол аваад байгаа Барак Обамагийн айлчлал 2 хоногийн хугацаанд үргэлжлэх юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй Дональд Трамп Барак Обамагийн айлчлалтай холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийллээ. Этгээд сонин мэдэгдэл, үзэл хандлагаараа алдаршаад байгаа Трамп Обамагийн айлчлалыг нилээд өөнтөгч байр суурьнаас тайлбарлаж байна.
Барак Обамаг гэр бүлийнхээ хамтаар Гавана хот дахь онгоцны буудалд ирэх үед Кубын төрийн тэргүүн тосон мэндчилээгүй байна. Америкийн төрийн тэргүүн өнгөрсөн Ням гаригт Гавана хотод хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр эхнэр, 2 охин, хадам ээжийнхээ хамтаар Кубад айлчилж байгаа юм. Энэ нь ойр дотно харилцаа, хүндэтгэлийн нэг илэрхийлэл болж байгаа аж. Харин Раул Кастро Барак Обамагийн гэр бүлийг угтан аваагүй бөгөөд үүнийг нь Дональд Трамп үл хүндэтгэл хэмээн тайлбарлаад байна.Тэрээр "Ерөнхийлөгч Обама маань Раул Кастротай магадгүй Фидель Кастротай уулзахаар Куба улсыг зорьсон. Гэхдээ түүнийг хэн нь ч угтан авсангүй. Раул Кастро мэндийг нь ч мэдсэнгүй шүү дээ. Ерөнхийлөгчийн онгоц газардах үед хэн ч угтан аваагүй. Бүр хэн ч байгаагүй шүү. Ерөнхийлөгч маань ийм үл хүндлэлийг тэвчих ёсгүй. Зүгээр л онгоцоо эргүүлээд Кубыг орхих хэрэгтэй байсан" гэжээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/