НҮБ гуравдугаар сарын 20-ны өдрийг "Аз жаргалын олон улсын өдөр" болгон зарласан байдаг.
Энэ тэмдэглэлт өдрийг угтан дэлхийн 156 орны ард түмнийг аз жаргал, амьдралдаа сэтгэл ханамжтай байдлаар нь үнэлэн жагсаасан тайланг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдэл сүлжээ нийтэлсэн байна. Жагсаалтын дагуу энэ оны дэлхийн хамгийн аз жаргалтай орноор Дани тодорчээ.
Дэлхийн аз жаргалын тайланг улс бүрийн 1000 иргэнийг хамарсан судалгаанд үндэслэн 2012 оноос эхлэн 4 дэх жилдээ нийтэлж байгаа. Харин Дани улс энэ 4 жилийн хугацаанд 2 дахь удаагаа хамгийн аз жаргалтай орноор нэрлэгдсэн байна. Нийгэмд тэгш бус байдал бага байх тусам тухайн орны иргэд илүү аз жаргалтай байдгийг энэ удаагийн тайлан нотлон харуулсан гэж шинжээчид үзэж байна. Энэ дүгнэлтийг батлан нийгмийн хамгаалал сайтай Дани орон жагсаалтыг тэргүүлж, араас нь Швейцари, Исланд, Норвеги, Финлянд зэрэг орон айргийн 5-д жагсчээ.
Харин АНУ дэлхийд аз жаргал, сэтгэл ханамжийн түвшнээр 13-т эрэмбэлэгдсэн бол Их Британи 23-т, Хятад 86-д,Энэтхэг улс 118-р байрт орсон байна. Харин 156 орны сүүл мушгин, хамгийн аз жаргалгүй орноор Зүүн Африкийн Бурунди улс нэрлэгджээ. Тус улс дэлхийн хамгийн ядуу 10 орны нэг. Бурунди улсын Ерөнхийлөгч Пьер Нкурунзиза өнгөрсөн онд 3 дахь удаагаа улиран сонгогдохын тулд Үндсэн хуулийнхаа зүйл заалтыг зөрчиж, сонгуульд өрсөлдөхөөр болсон.
Үүнийг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн, төрийн эргэлт хийх оролдлого зэргээс үүдэн Бурундид улс төрийн тогтворгүй байдал үүсээд байгаа юм. Бурундитай хамт Сири, Того, Афганистан болон Африкийн өөр хэд хэдэн орон эцсийн байруудад жагссан байна. Харин манай орон дэлхийн 156 орноос аз жаргалынхаа түвшнээр Грек, Тажикстаны араас 101-т эрэмбэлэгджээ.
Сэтгэгдэл (2)