Өнөөдөр Япон улсын Засгийн газраас ахлах ангийн сурагчдын түүхийн хичээлийн сурах бичгийн шинэчилсэн хувилбарыг батлан гаргаад байна.Сурах бичгийн шинэчилсэн хувилбарт Япон улсын Өмнөд Солонгос болон БНХАУ-тай газар нутгийн маргаантай байдаг, Солонгосын хойгийн зүүн хэсгийн зарим бүлэг арлуудыг тус улсын эзэмшлийн газар нутаг хэмээн багтаан оруулсан нь талуудын хооронд маргаан дагуулж магадгүй байна. Ирэх жилээс эхлэн ахлах сургуульд албан ёсоор ашиглагдаж эхлэх түүхийн хичээлийн 10 шинэ сурах бичгийн 8-д нь Такешима хэмээх тэдгээр арлууд нь Япон улсын газар нутаг хэмээн зааж өгсөн байна. Тэдгээр бүлэг арлуудыг япончууд Такешима гэдэг бол солонгосчууд Докдо хэмээн нэрийддэг байна. Энэ асуудлаар БНСУ-ын Засгийн газраас өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тус улсын Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч Чо Жун Хюк хэлэхдээ Докдо арал нь түүх, газарзүйн үүднээсээ болон олон улсын эрхзүйн хэм хэмжээний хувьд ч тэр Өмнөд Солонгос улсын газар нутгийн салшгүй нэг хэсэг гээд Токиог энэ асуудлаа нэн даруй засаж, залруулахыг шаардсан байна. Газар нутгийн маргааны асуудал нь хоёр улсын харилцааны хамгийн эмзэг сэдвийн нэг хэвээр байгаа юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (1)