Өнөөдөр “Монгол цэргийн өдөр” тохиож байна. Энэ жил “Монгол цэргийн өдөр” Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 95 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.
Эл өдрийг хэзээнээс тэмдэглэх болсон талаар болон Монгол Улсын цэргийн дээд цолтонгуудын талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай тогтоол гаргажээ.
Баримт 2. Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, нөхөр Маршал Чойбалсан Монгол ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтооп гаргах хүсэлт тавьсан байна.
Баримт 3. Түүний хүсэлтийг хэлэлцээд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдээс 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол ардын хувьсгалт цэрэг нь Монгол Ардын хувьсгалын голомт Хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж анхдугаар ялалтаа байгуулсан учир энэ өдрийг “Хувьсгалт цэргийн баяр”-ын өдөр болгожээ.
Баримт 4. Улмаар жил бүр улс нийтээр ёслон өнгөрүүлж байхыг тогтоолд тусгаад жип бурийн гуравдугаар сарын 18-ны өдрийг цэргийн бүх албан хаагчдын амралтын өдөр болгож байжээ.
Баримт 5. 1946 оноос эхлэн цэргийн баярыг гуравдугаар сарын 18-ны өдөр тэмдэглэж иржээ.
Баримт 6. Харин 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна.
Баримт 7. Тэгвэл 2011 оноос уг өдрийн нэрийг өөрчилж, "Монгол цэргийн өдөр" болгон тэмдэглэх болгов.
Баримт 8. Учир нь цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй залууст цэрэг-эх оронч хүмүүжил олгох, түүгээрээ бахархах ач холбогдолтой гэж үзэн ийнхүү нэрлэх болжээ.
Баримт 9. Ингэснээр цэргийн алба хашиж буй болон хаших, өмнө нь цэргийн алба хаасан бүх хүн "Монгол цэргийн өдөр"-ийг тэмдэглэх боломжтой болжээ.
Баримт 10. Цэргийн баяр буюу Зэвсэгт хүчний өдрийг өнөөг хүртэл тэмдэглэх хугацаанд уг баярын өдрийн утга санааг болон чухам хэдэн жилийн ой гэж тооцож тэмдэглэх талаар олон маргаантай асуудал байдаг аж.
Баримт 11. 1997 онд Зэвсэгт хүчний 76 жилийн ойг 86 жил болгон тэмдэглэжээ. Энэ нь Зэвсэгт хүчний үүслийг 1921 он бус тэрнээс ч өмнө оршин тогтнож байсан олноо өргөгдсөн Монгол Улсын цэргийн үүсэлтэй холбон авч үзэх гэсэн санаа аж.
Баримт 12. Өдгөө 3 сарын 18 ны өдрийг Монголын бүх эрчүүд, аав нарын баяр болгон тэмдэглэдэг заншилтай болжээ.
Баримт 13. Монгол Улсын цэргийн дээд цол нь хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал байсан бол 2006 онд “Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-д өөрчлөлт орсоноор барууны өндөр хөгжилтэй орнууд, НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолнууд хэрэглэхээр болсон юм.
Баримт 14. Монголын анхны генерал цолтнууд 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр цолоо гарджээ. Тэднээс Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгожээ.
Баримт 15. Монгол Улсад генерал цолтон төрүүлсэн найман байгууллага байдаг аж. Тодруулбал, Батлан хамгаалах яам, Зэвсэг хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болно.
Баримт 16. Монгол Улсын генералуудаас Ю.Цэдэнбал, Б.Дорж, Ж.Лхагвасүрэн, Б.Цог, Ж.Гүррагчаа нар Монгол Улсын баатар, мөн Ю.Цэдэнбал, Ж.Жамьян, Б.Цэдэн-Иш нар Хөдөлмөрийн баатар цолтой бол гавьяат цолтон долоо, эрдэмтэн, доктор профессор 34 төржээ.
Баримт 17. Манай улсад нийт 167 генерал цолтон төржээ. Үүнээс улсын маршал 3, армийн генерал 1, хурандаа генерал 8, дэслэгч генерал 18, хошууч генерал 105, бригадын генерал цолтон 13 байдаг байна.
Баримт 18. Генералын хүүхдүүдээс офицер олноор төрсөн ч генералын хүү генерал болсон сонихон тавилан нь хурандаа генерал Б.Цогийн хүү хошууч генерал, техникийн шинжлэх ухааны доктор Ц.Геннадий билээ.
Баримт 19. Хамгийн отгон генерал нь Тагнуулын ерөнхий газрын дарга Ц.Хурц юм байна. Тэрбээр 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр уг цолыг хүртсэн байна. Тэрбээр бригадын генерал цолыг алгасан шууд хошууч генерал цол хүртсэн анхны хүн юм байна.
Баримт 20. Хамгийн залуу генерал нь 38 настай, Мотобуудлагын тусгай бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр аж. Харин маршал Ю.Цэдэнбал 1944 онд 28 настайдаа генерал болж байв.
Баримт 21. Хурандаа генерал Б.Цог хөдөлмөрийн бүтээл, гавьяа зүтгэлээ үнэлүүлж, БНМАУ-ын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор 5 удаа, Алтангадас одонгоор 4 удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа шагнуулж, АИХ-ын депутатаар 5 удаа сонгогдсон цэргийн иргэний байгуулпагын гарамгай зүтгэлтэн бөгөөд ийм олон удаа шагнуулсан хүн түүнээс өөр байхгүй юм байна.
Баримт 22. Хамгийн өндөр настай генерал нь 98 настай хошууч генерал Т.Алтангэрэл гуай юм байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Түгжавын Алтангэрэл нь 1981 оны 3 дугаар сарын 11-нд хошууч генерал цол хүртэж байжээ.
Баримт 23. Анхдагчууд: Армийн генерал цолыг 1971 онд Б. Доржид, хурандаа генерал цолыг 1961 онд Ж. Лхагвасүрэнд, дэслэгч генерал цолыг 1944 онд Ж.Лхагвасүрэн, Ю.Цэдэнбал нарт, хошууч генерал цолыг 1944 онд Д.Дамдинхүү нарын есөн хүнд, бригадын генерал цолыг 2006 онд Н.Энхбаялагт тус тус олгож, тэд цол бүрийнхээ анхдагчид болж байжээ.
Баримт 24. Монголын нийт генералуудыг эгнээндээ нэгтгэсэн “Монгол генерал” төв 2001 онд байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Энэхүү төвийн тэргүүнээр хошууч генерал С.Баасанхүү, дэд тэргүүн буюу гүйцэтгэх захирлаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар нар ажилладаг аж.
24tsag.mn Б.Энхжин
Сэтгэгдэл (5)