Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссефф болон тус улсын төрийн мэдлийн газрын тосны компаний удирдлагууд авилгал хээл хахуулийн хэрэгт холбогдож, улсын хөрөнгийг завшсан хэрэгт буруутгагдаад байна.Бразил улсын 35 дахь Ерөнхийлөгч Луиз Инацио Лула да Сильва болон түүний ажлыг хүлээн авсан Дильма Руссеф нарын утсаар ярьсан бичлэгийг нотлох баримт болгон шүүхэд өгөөд байгаа аж. Тэдний утсаар ярьсан гол асуудал нь хөрөнгө оруулалттай холбоотой бичиг баримтууд байсан бөгөөд эдгээрийг одоогийн Ерөнхийлөгч Дильма Руссефф нэр бүхий албан тушаалтнаар дамжуулан Луиз Инацио Лула да Сильвад хүргүүлнэ хэмээн ярьсан байна. Мөн хөрөнгө оруулалттай холбоотой гэрээ баримтуудыг шаардлагатай бол ил гаргая хэмээн тохиролцоцгоож байгаа нь утасны бичлэгт үлджээ. Дильма Руссефф саяхан хэд хэдэн халаа сэлгээ хийж, зарим албан тушаалтныг суудлаас нь буулгаж, заримыг нь шинээр томилсон юм. Үүнийг нь олон нийт өөрийн талын хүмүүсийг төрийн албанд гаргаж, хээл хахуулийн хэргээ хаацайлуулах гэж байна хэмээн харж байгаа юм. Нилээд эртнээс Дильма Руссеффийг улсын мэдлийн "Петробас" компанийг ашиглан хувьдаа мөнгө завшиж байна гэх цуурхал олны дунд тархаад байсан юм. Нотлох баримт ил болмогц Бразилийн хэмжээнд хэдэн мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөж, ард иргэд Дильма Руссеффийг огцрохыг шаардаж байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/