Монгол Улсын гавьяат жүжигчин, соёлын элч Г.Ариунбаатар дэлхийн алдарт Марийнский театрын тайзнаа энэ сарын 13-нд “Кармен” дуурийн Эскамильод дуулсан бол 20-нд Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Скарпиад дуулахаар болсон байна. Тэрбээр “Кармен’’-д дуулсныхаа дараа “Энэ сайхан театрын алтан тайзнаа “Кармен”-д амжилттай дууллаа. Амьдралын минь цоо шинэ хуудас эргэсэн үдэш байлаа. Чайковский, Глинка, Вагнер, Шаляпин зэрэг суутнуудаас эхлээд олон алдартнууд ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа театр гэж бодохоор үнэхээр гайхамшигтай” хэмээн цахим хуудаснаа бичсэн юм. Мөн түүний дуулах дуурийн симфони оркестрыг дэлхийн нэрт удирдаач Валерий Георгиев удирдах юм. Дашрамд дурдахад, Г.Ариунбаатар өнгөрсөн есдүгээр сард Мариинский театрын гоцлол дуучнаар ажиллах урилга хүлээн авсан юм.