Эквадорын нийслэл Куито хотоос зүүн өмнө зүгт орших ширэнгэн ойд тус улсын зэвсэгт хүчний онгоц осолдсон хэрэг гарсан байна. Ослын улмаас нийт 22 хүн амь үрэгдсэн болохыг Эквадорын зэвсэгт хүчний зүгээс мэдэгджээ. Энэхүү мэдэгдэлд Израйлд үйлдвэрлэсэн Арава загварын ачааны онгоцонд цэргийн сургуулилалтын зорилгоор 19 шүхэрч зорчиж явсан болохыг дурьдаад уг онгоц мягмар гаригт нийслэл хотоос зүүн өмнө зүгт 145 км-ийн зайд, ширэнгэн ойд осолдсон гэсэн байна. Эквадорын армийн 17 дугаар ангийн коммандлагч Рамиро Алдазын хэлснээр одоогийн байдлаар амь үрэгдэгсдээс 15 цэргийн хэн болохыг нь тогтоосон байна. Ослын дараагаар аврах ангийнхан болон зэвсэгт хүчний албан хаагчид ослын газарт очиж ажилласан байна. Эквадорын Ерөнхийлөгч Рафаель Корреа энэхүү ослоос нэг ч хүн амьд үлдээгүй хэмээн мэдэгджээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/