Хүүхдийг эцэг, эхдээ хэрцгийгээр зодуулах болон мориноос унаж бэртсэн үед нь л бид хүүхдийн эрхийн асуудлыг хөнддөг. Харин бусад үед таг, чиг. Эцэг, эхийнхээ буруугаас болж өвлийн хүйтэнд өдөржин гудамжинд гуйлга гуйх хүүхдүүд ч их бий. Тэр бүрт хүүхэд өөрөө гомдол мэдүүлээд байж чаддаггүй. Тиймээс л хүчирхийлэгчид айх, эмээхгүйгээр хүүхдийг тарчлаан, тамладаг гэж мэргэжилтнүүд үздэг. Уг нь Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд тав дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулж, 1996 оны тавдугаар сарын 08-нд батлан гаргаж, мөн оныхоо зургадугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. Гэсэн хэдий ч хүүхдийн эрхийг хамгаалах хууль тэр бүр хэрэгжиж чадахгүй байгаа тул батлагдаж гараад 20 гаруй жилийн нүүрийг үзэж буй энэ хуулийг шинэчлэх цаг нь болсон хэмээн мэргэжилтнүүд үзэж, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг санаачлаад Цагаан сарын баярын өмнөхөн батлав. Ингээд тус хуулиар томчууд ямар хариуцлага хүлээх, ямар зөрчлийг хүүхдийн эрхийг зөрчсөн гэж үздэг болсон талаарх мэдээллийг 24 баримт булангаараа хүргэж байна. Томчууд бид хүүхдийн эрхийн хуулиар юу, хийж болох, болохгүйг эндээс уншаарай. "Хүүхдээ яах нь миний дур" гэж авирлагчид хүүхдийнхээ эрхийг дахин ноцтойгоор зөрчвөл Эрүүгийн хариуцлага хүртэл хүлээх эрх зүйн акт ч үүсэх юм. Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр өнөөдөр тохиож байна. Тиймээс бид энэхүү мэдээллийг бэлтгэж хүргэж байгаа юм.
Баримт 1. Уг хууль нь хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бодлого юм хэмээн хууль санаачлагч хэлжээ. Ингэснээр асуудал гарсан хойно араас нь хөөх биш харин болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар, хандлага, хэвшил тогтоох нөхцөлийг бүрдүүлж байгаа аж.
Баримт 2. Улсын статустай хүүхдийн байцаагч нарыг ажиллуулна. Уг ажилд тохирсон хүмүүсийг сургах, давтан сургах, мэргэшүүлэх байдлаар бэлтгэнэ.
Баримт 3. Байцаагч нар хүүхдийн эрхийн зөрчлийг газар дээр нь шууд шийдвэрлэчихдэг, мэргэжлийн үүднээс шуурхай арга хэмжээ авчихдаг, эсвэл хуулийн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг бусад байгууллагуудтай холбож өгөх эрх бүхий үүргийг хүлээх юм байна.
Баримт 4. Сургуулийн нийгмийн ажилтан хүүхдийн байцаагчийн ажлын гүйцэтгэж болно. Гэхдээ бүх нийгмийн ажилтанд ийм эрх олгохгүй, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, ёс зүйтэй, хүүхдийн асуудлаар мэргэшсэн хүмүүсийг сонгож шалгаруулах юм байна.
Баримт 5. Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг гэр бүл, сургууль, асрамжийн газар, ажлын байр, малын бэлчээр гээд нийгмийн бүх орчинд хориглож өгчээ.
Баримт 6. Гэр бүлийн хүрээнд гарч буй хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой асуудлыг Хүүхэд хамгааллын хуулиас гадна Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар зохицуулна.
Баримт 7. Нийтийн эзэмшлийн талбай, автобус гээд хаа ч байсан хүүхдийн эрх ямар нэг байдлаар зөрчигдөж байгааг харсан, мэдсэн бол түүнийг таслан зогсоох үүргийг иргэн бүр хүлээнэ.
Баримт 8. Хүүхдийн эрх зөрчигдөж байхыг харсан хүн мэргэжлийн байгууллагуудад хандаж, яаралтай тусламж үйлчилгээ авах ёстой.
Баримт 9. Хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ. Үүнд сургууль, цэцэрлэгийн багш нараас гадна хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс багтана. Тэд хүүхдийн эрэг хүчирхийллийн байдлыг тандах, заавал мэдээлэх үүрэг хуулиар хүлээжээ. Хүүхдийн мэдээллийг чандлан нууцална.
Баримт 10. Хуулинд өнчин хүүхдүүдийг садан төрлийнх нь асрамжид өгөхөөр тусгасан байна.
Баримт 11. Хүүхдийг асрамжиндаа авсан хүмүүст төрөөс амьжиргааны тэтгэмж, урамшуулал олгоно.
Баримт 12. Гэр бүл салалтын дараа хүүхдэд төлөх хохирлыг төрөөс урьдчилан төлөөд буруутай этгээдээр албадан хөдөлмөр хийлгэхээр хуульд тусгажээ. Салсан тохиолдолд хүүхдийг эцэг, эхтэй нь хүссэн үед нь уулзуулж байна.
Баримт 13. Хуульд 14 дээш насны хүүхэд эцэг, эх нь зөвшөөрсөн тохиолдолд хөнгөн хөдөлмөр хийж болно. Гэхдээ хүүхэд хичээлийн бус цагаар, чөлөө заваараа эцэг эх, гэр бүлийнхнийхээ бизнест туслах нь нээлттэй.
Баримт 14. Хүйтний улиралд хүүхдээр морь унуулахыг хориглосон. /Хөдөлмөрийн яамны сайд Г.Баярсайхан чиг, үүргийнхээ дагуу уг журмыг гаргажээ/.
Баримт 15. Хүнд хүчир, тэвчишгүй хөдөлмөр хийж, гуйлга гуйж байгаа хүүхүүдийг төр шууд хамгаалалтдаа авахаар хуульд тусгасан байна. . Хүүхдийг ашиг хонжооны хэрэгсэл болгосон, гуйлга гуйлгаж эрхийг нь зөрчсөн иргэнийг нэг удаад 500 мянган төгрөгөөр торгоно.
Баримт 16. Насанд хүрээгүй хүүхдээр архи, тамхи, хоолныхоо мөнгийг гуйлгуулж олуулахыг гэмт хэрэг гэж үзнэ. Гэмт этгээдэд Эрүүгийн болон бусад хуулиар хариуцлага хүлээлгэнэ.
Баримт 17. Жил бүр улсын төсөвт 3.2-3.5 тэрбум төгрөг тусгуулж байж хууль бүрэн хэрэгжих бололцоотой. 2017, 2018 оноос санхүүжилт нь шийдэгдээд явах юм байна.
Баримт 18. Засаг дарга ямар нэгэн эрсдэлтэй нөхцөлд орсон хүүхдийг түр асран байршуулах, эрхийг нь хамгаалах үүрэг хүлээнэ. Тодруулбал, архичин эцэг, эхтэй бас шоронд хоригдож байгаад гарч ирсэн хүүхдийг.
Баримт 19. Эрүүгийн хуульд гэхэд хүүхдээр гуйлга гуйлгуулах, хүүхдээ хаях, төөрүүлэх, үл хайхрах, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах зэрэгт эцэг эх, асран хамгаалагч, хуулийн этгээд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тусгажээ.
Баримт 20. Хүүхдийг хилээр гарах үед бүртгэж аваад, хуулийн байгууллагуудад мэдээллэдэг болно. Хүүхэд буцаж хилээр орж ирсэн үү үгүй юу, хэрвээ гадаадад үлдсэн бол ямар зөвшөөрлөөр, хэнтэй, хаана үлдсэн бэ гэдгийг тодорхой болгоно. Хилээр гараад явсан монгол хүүхэд бүрт анхаарал хандуулах юм байна.
Баримт 21. Сум, хороонд гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтантай, дүүрэгт хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвтэй, аймаг хотод хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс болон газартай болгох дэд бүтцийн асуудлыг зохицуулж өгсөн байна. Эдгээр субъектээр дамжуулж гэр бүлийн боловсрол олгох аж.
Баримт 22. Хүүхдэд холбогдох хэрэг зөрчлийг хүүхдийн эрхийн асуудлаар мэргэшсэн шүүгч хянан шийдвэрлэх, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг хүүхдэд зөвхөн эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх зэрэг хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зарчмыг баримтлах юм байна.
Баримт 23. Хуулийн төсөлд бага насны хүүхдийг цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар хүргэж өгөх, авах, эрх зүйн зарим болон бүрэн чадамжтай хүнгүйгээр үлдээхгүй байхаар тусгасан бөгөөд эрх зүйн зарим чадамжтай хүн буюу 14-өөс дээш насны ах, эгч нь бага насны дүү нараа харгалзаж болохоор тусгажээ.
Баримт 24. Хүүхдийг тоглоомыг хамгаалдаг болно. Хэн дуртай нь хүүхдийн тоглоомын талбайд дураараа барилга барихыг хуулиар хориглоно.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)