Мьянмар улсын парламент шинэ Ерөнхийлөгчөө сонгох түүхэн санал хураалтаа явууллаа. Дээд болон доод танхимын хамтарсан хуралдааны төгсгөлд санал хураалтыг зохион байгуулсан бөгөөд Мягмар гаригт болсон сонгуулийн үр дүн эцсийн байдлаар тодорхой болоогүй байна. Гэхдээ Аун Сан Сүү Чигийн дэмжин гаргаж ирсэн нэр дэвшигч болох Хтин Кьяв олонхийн санал авсан гэх урьдчилсан таамаг мэдээг Мьянмарын хэвлэлүүд дамжуулж эхлээд байна. Хтин Кьявыг бараг 100 хувийн саналтайгаар ялалт байгуулсан хэмээн үзэж байгаа юм. Шинэ Ерөнхийлөгчийг сонгох хуралдаанд 5 гишүүн ирж оролцоогүй бөгөөд дээд доод танхимын нийт 657 гишүүнээс 652 нь саналаа өгсөн байна.
Мьянмар улс сүүлийн хагас зууны хугацаанд улсынхаа Ерөнхийлөгчийг ардчилсан сонгуулиар сонгоогүй юм. Тиймээс ч энэ удаагийн сонгууль нилээд ач холбогдолтойд тооцогдож байна. Энэ удаагийн сонгуульд 3 нэр дэвшигч өрсөлдсөн. Хамгийн өндөр санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр ажиллах бол нөгөө хоёр нь дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших юм байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/