Ойрын өдрүүдэд Солонгосын хойг дахь зөрчил сөргөлдөөн улам бүр ширүүсч байна. Өнгөрсөн амралтын өдөр Хойд Солонгосын эрх баригчид мэдэгдэл хийж, Өмнөд Солонгосын тал ямар нэг өдөөн хатгасан үйлдэл гаргавал шууд гал нээх болно гэдгээ илэрхийлсэн байна. Хойд Солонгос нэгэнт дайны бэлэн байдалд шилжсэн бөгөөд пуужингийн системээ идэвхжүүлсний дээр цэрэг арми нь өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Энэ хавар Өмнөд Солонгос болон АНУ хамтран урьд өмнө байгаагүй өргөн бүрэлдэхүүн бүхий цэргийн сургуулилалт хийхээ мэдэгдсэн.
Ингэхдээ асар хүчтэй техник хэрэгсэл, зэр зэвсгийг оролцуулахаар төлөвлөж байна. Гэвч энэ төлөвлөгөө нь Хойд Солонгосын дургүйцлийг асар ихээр төрүүлж, хэрэв цэргийн сургуулилалтыг эхлүүлбэл гал нээхээ мэдэгдээд байна. Умард Солонгосын тал хамтарсан цэргийн сургуулилалтыг өдөөн хатгалга хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан удаатай. Харин АНУ болон БНСУ хамтарсан цэргийн сургуулилалтыг өөрсдийгөө хамгаалах бэлтгэл болохоос аль нэг улс руу халдан довтлох оролдлого биш хэмээн тайлбарлаж байгаа юм. Өмнөд Солонгосын тал Умардуудын энэхүү мэдэгдлийг түрэмгийлэл хэмээн тодорхойлж ундраад байгаа бүхий л асуудал Хойд Солонгосоос үүсэлтэй болохыг нь сануулсан байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (15)