Дэлхийн хоёрдугаар дайны үед болон түүнээс ч өмнө Японы эзэн хааны арми Азийн улс орнууд руу халдан довтолж, олон мянган хүний амь насанд хүрч, хүний санаанд багтамгүй аймшигт хүчирхийллийг үйлдсэн байдаг. Дайны он жилүүдэд Солонгосын охид эмэгтэйчүүдийн эрх онц ноцтойгоор зөрчигдөж байсан бөгөөд хэдэн мянган эмэгтэй бэлгийн хүчирхийллийн золиос болсон юм.
Хүн төрөлхтний түүхэнд хар толбо болон үлдсэн энэ үйл явдал Япон болон Өмнөд Солонгосын харилцаанд ан цав үүсгэж, үе үе маргаан мэтгэлцээний шалтгаан болж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Японы Ерөнхий сайд Солонгосын ард түмнээс уучлал хүсч, нөхөн төлбөр олгохоо амласан билээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед бэлгийн хүчирхийллийн золиос болж байсан 50 орчим эмэгтэй өдгөө эсэн мэнд аж төрж байгаа юм.
Өмнөд Солонгосын иргэншилтэй эдгээр эмэгтэйчүүдийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хүлээн авч уулзсан байна. Тэрээр болж өнгөрсөн бүхэнд харамсаж байгаагаа илэрхийлээд энэхүү гунигт түүхийг хүн төрөлхтөн давтах ёсгүй болохыг сануулсан юм.
Японы эзэн хааны армийн цэргүүд зөвхөн Солонгосын хойгт төдийгүй дэлхийн олон оронд хүчирхийлэл, халдлага, довтолгоон үйлдэж байсан юм. Чухам хэчнээн мянган эмэгтэй хүчирхийллийн золиос болж байсан нь одоо ч тодорхойгүй байдаг бөгөөд Японы түүхчид 20,000 эмэгтэй ийм зовлон зүдгүүрийг амссан хэмээн мэдээлдэг. Харин Хятадын түүхчид энэ тоог 20,000 биш 400,000-ыг давна хэмээн үздэг юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/