НҮБ-ын энхийг сахиулагчдын ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдсэн бэлгийн хүчирхийллийн хэргийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс тусгай тогтоол гаргах тал дээр санал хураалт явуулах уриалгыг АНУ-ын зүгээс гаргаад байна. Пүрэв гаригт НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Саманта Пауер хэлэхдээ тусгай тогтоол гаргаж, ийм арга хэмжээг авснаар бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг, ялангуяа хүүхдийн бэлгийн хүчирхийллийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх чухал шаардлагатай байгааг онцоллоо. Мөн НҮБ энэхүү асуудлыг цаашид улам гүнзгийрүүлэн судлаж, шалгагдаагүй, мөрдлөг явуулаагүй олон хэргүүдийн талаар мэдээлэл өгөхийг Саманта Пауер шаардсан байна. 2015 онд НҮБ-ын энхийг сахиулагчдын үйлдсэн гэх 69 бэлгийн хүчирхийллийн хэргийн талаарх тайланг НҮБ-ын ЕНБД Бан Ги Мун Аюулгүйн Зөвлөлд энэ үеэр мөн танилцууллаа. Энэ үеэр анх удаагаа тэдгээр гэмт хэргийг үйлдэгсдийн төрөлх улсуудыг зарласан байна. Бан Ги Мун энхийг сахиулагчдын үйлдэж байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо улам нэмэгдсээр байгаа нь НҮБ-ын нэр хүндийг унагаж байгаад уучлалт хүссэн байна. Мөн тэрээр дээрх хэргүүдийг шалгах ажлыг түргэвчлэхээс гадна бусад шалгагдаагүй хэргүүдийг олж, тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ амласан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/