Өнөөдөр Умард Солонгос улсын төв телевизээр тус улсын удирдагч Ким Чен Ун Солонгосын Ардын Армийн Стратегийн Зэвсэгт Хүчний явуулсан цэргийн сургуулилалтанд оролцон, баллистик пуужин харвах туршилтыг ажиглаж байгаа гэрэл зургуудыг дамжууллаа. Умард Солонгосын төв телевизийн мэдээлснээр Ким Че Ун мөн цөмийн зэвсгийн туршилтыг цаашид ч олноор нь явуулж, тус улсын зэвсэгт хүчний довтлох чадварыг улам нэмэгдүүлэхийг албаны хүмүүст даалгасан гэжээ. Умард Солонгос улсын энэхүү цэргийн сургуулилалт яг хэзээ явагдсаныг мэдээнд дурьдаагүй бөгөөд тус улсын хамгийн сүүлийн үед явуулсан баллистик пуужингийн туршилт мөн хэмээн Өмнөд Солонгос улсын хэвлэлүүд мэдээлж байна. Пүрэв гаригийн үүрээр Умард Солонгос улс богино зайны тусгалтай хоёр баллистик пуужинг тус улсын зүүн эргээс далайд харвасан. Энэ талаар Өмнөд Солонгосын Батлан Хамгаалах Яамнаас мэдээлэхдээ тэдгээр пуужинг Умард Солонгосын Хойд Хвангхэ мужаас харвасан бөгөөд 500 орчим км замыг туулсны дараагаар тус улсын зүүн эрэг дэх далайн усанд унасан гэжээ. Мөн тэдгээр пуужин нь хуучин ЗХУ-д үйлдвэрлэгдэж байсан Скад загварын баллистик пуужин байсан хэмээн Өмнөдийн зүгээс таамаглаж байгаа юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (1)