Хятадад тэрс үзэлтэнд тооцогддог хүний эрхийн төлөө тэмцэгч, уран бүтээлч Ай Вэйвэй Грек Македоны хилийн орчимд аж төрж байгаа дүрвэгсэдтэй уулзсан байна. Тэрээр дүрвэгсдийн хуарангаар орж, нөхцөл байдалтай нь танилцсан юм.
Балканы улсууд цагаачдыг хүлээн авах шалгуураа чангатгаж, эмэгтэйчүүд хүүхдүүдийг гол төлөв хилээрээ нэвтрүүлж байгаагаас үүдэн олон зуун дүрвэгч хоёр улсын хил дээр гацаад байгаа юм.
Бичиг баримтан дээрээ хар тамга даруулсан иргэд нутаг буцахгүй байгаа бөгөөд горьдлого тээн Грек, Македоны хилийн орчимд майхан босгон амьдрах болоод байна. Ай Вэйвэй хүн төрөлхтний тодорхой хэсэг ийнхүү зовлон зүдгүүрээр дүүрэн амьдарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр Сирийн цагаачдын туулж ирсэн амьдралаар баримтат кино бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд дүрвэгсдийн хуарангаар явж, судалгаа хийсэн байна.
Ай Вэйвэй Европын холбоог тодорхой шийдвэрт хүрч, майханд хоног төөрүүлж байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалаасай хэмээн хүсэж байгаагаа хэвлэлд ярьжээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/