Манай мэдээллийн албан ёсны эх сурвалж болох АР агентлагийн дамжуулснаар баллистик пуужингууд дээр "Израйль газрын хөрснөөс арчигдах ёстой" хэмээн бичсэн байж. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден Израйльд айлчилсантай холбоотойгоор Иран ийнхүү эсэргүүцэл үзүүлж байж магадгүй болохыг шинжээчид хэлж байна.
Үүнээс өмнө ч Ираны тал "Израйль газрын хөрснөөс арчигдах ёстой" гэсэн өгүүлбэрийг пуужингууд дээрээ еврей хэлээр бичин хөөргөж байсан юм. Гэвч Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи гэрээ хэлэлцээр эцэслэн байгуулагдаад удаагүй байхад Иран улс ийнхүү хоёр ч баллистик пуужин туршсан нь олон улсын шүүмжлэл, дургүйцлийг дагуулаад байна.
Иран улс чанд хатуу гэрээний заалтуудыг биелүүлэх амлалт өгснөөр тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хориг цуцлагдаж, Иран гадаадад царцаад байсан хөрөнгөө эргүүлэх боломжтой болсон юм.
Баллистик пуужин дээр Еврей хэлээр доромж утгатай үгс бичин хөөргөсөн явдалд Израйлийн тал хариу өгөөгүй байгаа юм.
/UBS.MN/